Жирэмсний эхо оношилгоо

Шэйр хийж түгээх

Жирэмсний эхо оношилгоо

1. Жирэмсний хугацаа тодорхойлох ЭХО оношилгоо /5-10 долоо хоног/

Хэрвээ танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илрэх, сарын тэмдэг ирэхгүй, хугацаанаасаа 7 хоногоор хэтэрвэл та жирэмсэлсэн эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.

Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах хэрэгтэй. Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай.

Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодруулах ач холбогдолтой. Мөн умай, өндгөвч, умайн хүзүү, умайн арын зай, ургийн цэврүү, шар уургийн хүүдий, үр хөврөлийн бие, зүрхний цохилт зэргийг үнэлж мэдэх боломжтой байдаг.

Жирэмсний эход 4-5 долоо хоногтойд ургийн цэврүү умайн хөндийд орж ирнэ. Харин 6-7 долоо хоногтойд ургийн зүрхний цохилт эход харагдаж эхэлнэ. Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байвал хэвлийгээр харах боломжтой, давсагт шээсгүй бол үтрээний буюу дотуур эход хардаг.

Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол цусанд HCG дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаардлагатай.

2. Жирэмсний хугацаа тодорхойлох ЭХО оношилгоо /11-13, 6 долоо хоног/

Энэ хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар ургийн хромосомын эрт үеийн эмгэг тодорхойлох бөгөөд ургийн хүзүүний арын зай(NT), хамрын хянга ясны(NB) хэмжилт хийдэг. Үзлэгийн явцад шаардлагатай бол нэмэлт хэд хэдэн хэмжилтүүдийг хийж шинжилнэ.

Хромсомын эмгэг илрүүлэх үзлэг хийх явцад том хэмжээний болон эрхтэн тогтолцооны олон хавсарсан эмгэг байвал эрт үед нь илрүүлэх боломжтой байдаг.

Энэ хугацаанд: Ургийн зүрхний цохилт Ургийн өсөлт хэмжих Ургийн хүзүүний арын зай Ургийн хамрын хянга яс Толгой, нүүрний хэсэг (гавлын ясны бүтэц, судсан багц, нүд хоорондын зай) Зүрх (байрлал, цохилтын тоо, хэм жигд, 4 хөндий) Ходоод Давсаг Гэдэсний эхо ойлт Хэвлийн урд хана хэвийн эсэх Ихсийн байрлал Умайн хүзүүний урт зэргийг үзэж хэмжилт хийдэг.

Ургийн NT хэмжилт гэж юу вэ ?

Жирэмсний эрт үед ургийн дауны хам шинж, зүрхний гажиг, хромосомын эмгэгийг илрүүлэх зорилгоор хэт авиан оношилгоогоор ургийн шилэн хүзүүний арын зайн, шингэний зузааныг хэмжихийг NT хэмжилт гэнэ.

NT хэзээ үзүүлэх вэ ?

Хэт авиан шинжилгээнд хамрагдах хугацаа чухал бөгөөд жирэмсний 14 долоо хоногтойгоос хойш ургийн шилэн хүзүүний арын шингэн арилдаг тул хэмжилт хийх боломжгүй болдог. Тиймээс ЖИРЭМСНИЙ 3 сартайд буюу 11долоо хоногтойгоос – 13 долоо хоног 6 өдөр хүртэлх хугацаанд хамрагдах хэрэгтэй.

“NT”-ийн хэмжээ нь хугацаанаасаа хамааран 11ндолоо хоногтойд 2,2мм-ээс их, 12н долоо хоногтойд 2,4мм-ээс их, 13н долоо хоногтойд 2,8мм-ээс их байх нь NT зузаарсан буюу өөрчлөлттэй эмгэг гэж үзнэ.

Хэт авиан оношилгоогоор NT хэмжээс хэвийн хэмжээнээсээ их байвал дараагийн шинжилгээ болох Эхийн цусанд ” Хоёрол тест” болох #BETA_HCG, #PAPP_A-гийн шинжилгээг авч шинжилгээний тоон хэмжээст хариуг нэгтгэснээр хромосомын эмгэгийг 90% илрүүлнэ.

Шинжилгээнд: Жирэмсэн бүх эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд ялангуяа 35-с дээш насны жирэмслэлтэд хромосомын эмгэг, Дауны хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл ихэсдэг тул 3 сартай хэт авиан оношилгоонд зайлшгүй хамрагдах шаардлагатай

3. Жирэмсний 5сартай ЭХО оношилгоо /18-22 долоо хоног/

Энэ хугацаанд ургийн өсөлт, анатомын бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчилан үзнэ. Жирэмсний 18-22 долоо хоногтой үзлэгээр эмгэг, гаж хөгжил илэрвэл дараа шатны эмнэлэгт илгээж жирэмслэлтийн тээлт төрөлтийг шийдвэрлэдэг.

Энэ хугацаанд эхогоор ургийн дараах хөгжлийг үнэлнэ

  • Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
  • Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдолууд,бага тархи, их цүнхээл, хамар, уруул тагнай, залгиур)
  • Нуруу нугалам болон мөчдийг үнэлэх (нугасны ивэрхий, гар хөлийн хуруу тоолох, мөчдийн урт яс, үе бугуйн үе, шагайны үе)
  • Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушги)
  • Зүрх судасны эрхтэн тогтолцоо (зүрх, гол судас)
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур, улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдий, дэлүү)
  • Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөр, шээс дамжуулах суваг, давсаг, гадна бэлэг эрхтэн)
  • Умайн хүзүүний урт (дутуу төрөх эрсдлийг үнэлэх)
  • Ихэс умайн хүзүүний хоорондын зай -Ихэс хүйн судастай бэхлэгдсэн байдал зэргийг үнэлж дүгнэлт өгнө.

4. Ургийн зүрхний нарийвчилсан ЭХО оношилгоо /22-24долоо хоног/

Энэ хугацаанд ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч оношилгоог илүү нарийвчлалтай хийхэд тохиромжтой болж ирдэг үе юм. Энэ хугацаанд дараах шинж тэмдэг илэрсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай.

  • Удамд нь ямар нэгэн зүрхний гажигтай хүүхэд төрж байсан.
  • Өмнөх хүүхэд нь зүрхний гажигтай байсан -11-13 долоо хоногийн үзлэгт хүзүүний арын зай (NT ) өргөн хэмжигдсэн.
  • Жирэмсэн эх чихрийн шижинтэй
  • Жирэмсэн эх чонон хөрвөстэй
  • Ургийн зүрхний хэм алдалт илэрсэн
  • Зүрхний бус гажиг илэрсэн
  • Хромосомын ямар нэгэн эмгэг илэрсэн
  • Эх өөрөө хүсвэл хамрагдаж болно

5. Жирэмсний 8сартай ЭХО оношилгоо /28-32долоо хоног/

Жирэмсний 5 сараас хойших эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг. Энэ хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар:

  • Ургийн эрхтэн тогтолцооны болон зүрхний эмгэг
  • Ургийн хавдар байгаа эсэх
  • Ургийн жин багадалттай эсэх
  • Ургийн өсөлтийн саатал байгаа эсэх
  • Ураг орчимын шингэн ихсэлт, багасалт
  • Эхсийн хөгжил хангалттай байгаа эсэх
  • Ясжилтийн цэг үүссэн эсэх
  • Жирэмсний үеийн болон төрөхийн өмнөх хүндрэлийг илрүүлэх зорилготой.

6. Төрөхийн өмнөх ЭХО оношилгоо /36-38 долоо хоног/

Төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг илрүүлэх үзлэг юм. Илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авсанаар аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Умайн сорвины зузааныг хэмжиж тодруулдаг
  • Ясжилтын цэгийг үнэлснээр ургийн уушигны хөгжил хэр байгааг үнэлэх боломжтой.
  • Ургийн жин багадал, өсөлтийн саатал.
  • Ургийн бүтэлт, ихсийн шохойжилт.
  • Ураг орчимын шингэний хэмжээг үнэлэх.
  • Хүй хүзүүгээ ороосон эсэх
  • Төрөлтийн урьдчилсан төлөвлөлтийг хийх боломжтой.

7. Төрсний дараах ЭХО оношилгоо Төрсний дараах эхо оношилгоо

Эх барих судлалын тулгамдсан асуудлын нэг нь төрсний дараах үеийн үжил халдвар бөгөөд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хийж байгаа боловч давтамж нь буурахгүй байна.

Төрсний дараах хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, үжил, үжлийн шокийн шалтгаан болсон умайн салстын үрэвсэл төрсний дараах үжил халдварын шалтгааны 10-45%-ыг эзэлж байна.

Төрсний дараах үеийн явцыг хянах оношлогооны үндсэн арга нь хэт авиа бөгөөд умайн хэмжээ, хэлбэр, ашилтын байдал, байрлал умайн хөндийн байдал, доторх агууламж, кесар хагалгааны дараах сорвины байдлыг үнэлнэ Төрсний дараа 7-14 хоноод эхо оношилгоонд хамрагдах шаардлагатай

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Нийтлэл:


Шэйр хийж түгээх