Жирэмсний эхо шинжилгээ: Хэзээ хийлгэх, юу үздэг, бэлдэх журам
Жирэмсний эхо буюу ургийн хэт авиан шинжилгээ нь ургийн өсөлт, эрхтэн тогтолцооны хөгжил, эхэс доторх төлөв байдлыг хянадаг өвдөлтгүй, хортой нөлөө үзүүлдэггүй аюулгүй шинжилгээ юм. Хэвийн жирэмсэн эх ургийн өсөлт хөгжилтийг хянуулах зорилгоор дор хаяж 4-6 удаа эхо шинжилгээнд ордог.

5-10 долоо хоногт жирэмсний баталгаажуулалт + хугацаа тодорхойлох,
11-13 долоо хоногт хүзүүний зайн (NT), NB /хамрын яс/ хэмжих шинжилгээ, 19-21 долоо хоногт эрхтэн тогтолцооны анатоми бүтцийн дэлгэрэнгүй шинжилгээ, 22 долоо хоногоос хойш ургийн өсөлт болон төрөхийн өмнөх үеийн үнэлгээ хийгдэнэ.
Жирэмсний эхо гэж юу вэ?
Жирэмсний эхо буюу ургийн хэт авиан шинжилгээ нь дараах зүйлсийг тодорхойлоход ашиглагддаг:
- Жирэмсний баталгаажуулалт — үрийн цэврүү болон ургийн зүрхний цохилтыг харах
- Хугацаа тодорхойлох — ургийн биеийн хэмжилтээр тухайн үеийн жирэмсний хугацаа болон төрөх өдрийг (EDD) тооцоолох,
- Эрхтэн тогтолцооны хөгжлийн хяналт — гавал тархи, багана нуруу, 4 мөч, зүрх судас, уушиг, өрц, хэвлийн хана, элэг цөс, ходоод нарийн бүдүүн гэдэс, бөөр давсаг, хүйс г.м
- Өсөлтийн үнэлгээ — биеийн хэмжээгээр ургийн жинг тодорхойлж, жирэмслэлтийн хугацаатай тохирч байгаа эсэхийг шалгах
- Ихэс, ураг орчмын шингэн — ихсийн байрлал хөгжил, ураг орчмын амнион шингэний хэмжээг хянах
- Ихэр буюу олон ураг илрүүлэх
- Умайн гадуурх (эктопик) жирэмслэлт илрүүлэх боломжтой.
НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
ГУИС-ийн дэргэдэх эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг дэмжих зорилгоор нээлтийн урамшууллаа зарлаж байна
- Бүх эмчийн үзлэг /тус бүр/ — 20,000₮
- Эхо оношилгоо /тус бүр/ — 20,000₮
Хямдрал үргэлжлэх хугацаа: 2026.06.05 – 2026.06.26

Жирэмсний эхо хэдэн долоо хоногт хийгддэг вэ?
Хэвийн жирэмсэн эхийн хувьд ургийн эхо шинжилгээний стандарт график:
| Хугацаа | Эхо төрөл | Юу үздэг |
| 5-10 долоо хоног | Үр хөврөлийн хөгжил /хэвлийн болон үтрээний эхо-р/ | Жирэмсний баталгаажуулалт, үрийн цэврүү, шар уургийн уут, үр хөврөл ургийн зүрхний цохилт (6-7 долоо хоногт анх удаа), умайн гадуурх жирэмслэлт ялгах |
| 11-13 долоо хоног + 6 өдөр | өсөлт, NT (хүзүүний арын зайн), NB /хамрын яс/ | Хромосомын эмгэгийн (Дауны хам шинж) эрсдэлийн скрининг — энэ хугацаа өнгөрөхөд хэмжих боломжгүй болдог |
| 19-21 долоо хоног | Өсөлт, ургийн анатоми бүтцийн дэлгэрэнгүй | Бүх эрхтэн тогтолцооны бүтэц, төрөлхийн гажиг илрүүлэх, ургийн хүйс |
| 24-28 долоо хоног | Өсөлтийн үнэлгээ | Ургийн жин, ураг орчмын шингэний хэмжээ, ихсийн байрлал |
| 32-36 долоо хоног | Өсөлт + байрлал, допплер үнэлгээ | Ургийн байрлал ( зөв, буруу), ихсийн байрлал, хүйн болон тархины ихсийн цусан хангамж/ |
| 36-38 долоо хоног | Төрөхийн өмнөх өсөлт, допплер үнэлгээ | Өсөлт, умайн хүзүүний байдал, умайн сорви, төрөх арга шийдвэрлэх (хэвийн төрөлт үү, кесар уу) |
Эрсдэлт жирэмсэн (даралт ихэссэн, чихрийн шижин, ихэр гэх мэт) эхэд эмч нэмэлт эхо санал болгож болно.
[IMAGE: Жирэмсний эхо шинжилгээний үе шатуудыг харуулсан зураг → jiremsnii-eho-uye-shatuud.jpg]
Эхо төрлүүд: үтрээний болон хэвлийн
Жирэмсний явц болон гестацийн насанд үндэслэн хоёр үндсэн аргыг ашигладаг:
- Үтрээний (transvaginal) эхо — датчикийг үтрээний дотор байрлуулдаг. Жирэмсний эхэн үед (12 долоо хоног хүртэл) илүү тодорхой дүрслэл харагдана.
- Энэ үед давсаг хоосон байх шаардлагатай. Тав тухгүй байж болох ч өвдөлт үүсгэдэггүй.
- Хэвлийн (transabdominal) эхо — датчикийг хэвлийн арьс дээгүүр гүйлгэдэг. 12 долоо хоногоос хойш энэ нь стандарт арга болдог. Эрт үед давсаг дүүрэн шээстэй байх хэрэгтэй — энэ нь умайг илүү сайн харуулахад тусалдаг.
Заримдаа 3D / 4D эхо хийдэг бөгөөд энэ нь ургийн нүүр, гар, хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд харуулдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн эмчилгээний шаардлагаас илүү гэр бүлийн “тав тухтай” шинжилгээний зорилгоор хийгддэг.
Эхо-нд хэрхэн бэлдэх вэ?
Бэлтгэл нь эхо шинжилгээний төрлөөс хамаарна:
Эртний (5-12 долоо хоног) хэвлийн эхо хийлгэх бол:
- Шинжилгээ хийлгэхээс 1 цагийн өмнө 2-3 аяга ус ууж, давсаг шээстэй байлгана. Дүүрэн шээстэй давсаг нь умайг дээш түлхэж, эхо аппарат сайн харах боломжийг олгоно.
- Өлөн байх шаардлагагүй
Үтрээний эхо хийлгэх бол:
- Давсаг хоосон байх — шинжилгээний өмнө шээх.
- Тусгай хувцас солих шаардлагатай.
12 долоо хоногоос хойшхи хэвлийн эхо хийлгэх бол:
- Тусгай бэлтгэл шаардлагагүй. Тав тухтай хувцастай очно уу.
Бүх эхо шинжилгээнд:
- Хэвлийн хэсэг гаргахад тохиромжтой, дээшээ чөлөөтэй сөхөж болох хувцас сонгоно.
- Эмчийн заавраар ууж буй эм, витамин, шим тэжээлийн нэмэлт шинжилгээнд нөлөөлөхгүй.

Шинжилгээний явц
1. Хүлээн авах (5 минут). Эх барих эмч таны жирэмслэлтийн түүх болон өмнөх шинжилгээний дүгнэлтийг шалгана.
2. Бэлтгэл (2-3 минут). Та шинжилгээний орон дээр гэдсээ дээш харуулан хэвтэнэ. Хэвлийн арьсанд усан гель түрхэнэ — энэ гель нь дууны долгионыг арьсаар сайн дамжуулахад тусалдаг.
3. Ургийн байдал, хэмжилт шинжилгээ (10-30 минут). Эмч датчикийг хэвлийн арьс дээгүүр гүйлгэж, хэд хэдэн өнцгөөс зураг авна. Ургийн зүрхний цохилт сонсогдох үед Допплер дууг асааж танд сонсгож болно — энэ бол эцэг эхийн хувьд мартагдашгүй мөч юм. Эмч ургийн биеийн урт (CRL), толгойн хөндлөн хэмжээс, (BPD), толгойн тойрог (HC) хэвлийн тойрог(AC), дунд чөмөгний урт (FL) зэрэг хэмжилт хийнэ.
4. Дүгнэлт (5 минут). Үр дүн болон төрөх товлосон огнооны тооцоог хэвлэж өгнө.
Нийт хугацаа — 20-40 минут.
Эхо аюултай юу? Нялх урагт нөлөөлдөг үү?
Үгүй ээ. Жирэмсний эхо нь дууны долгионоор ажилладаг бөгөөд рентген эсвэл КТ-гийн адил ионжуулагч цацраг агуулдаггүй:
- Эмнэлгийн зорилгоор хийгдсэн жирэмсний эхо нь нялх ургийн хөгжилд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй.
- 5 сая орчим жирэмсний хяналтын судалгаагаар эхо хийлгэсэн ураг болон хийлгээгүй ургийн хөгжлийн ялгаа байхгүй.
[IMAGE: Доплер эхо ашиглан ургийн зүрхний цохилт сонсож буй мөч → dopler-uragiin-zurh.jpg]
Хэзээ эмчид нэн даруй хандах вэ?
Жирэмсэн үед дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эхо шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана уу:
- Доошоо цус гарах — сарын тэмдэгтэй адил эсвэл түүнээс их хэмжээтэй.
- Хэвлийн доод хэсгээр аль нэг тал руу хүчтэй өвдөх— умайн гадуурх (эктопик) жирэмслэлтийн шинж тэмдэг.
- Уругийн хөдөлгөөн мэдэгдэхүйц буурах (20-иос долоо хоногтой бол) — өдөрт 10-аас бага удаа мэдрэгдэх.
- Доошоо шингэн шүүрэх, урсаж гарах — ураг орчмын шингэн ус эрт хагарсан байж болзошгүй.
- Хүчтэй толгой өвдөх, харааны өөрчлөлт, гар хөл хавагнах (28-аас дээш долоо хоногтой бол) — преэклампсийн шинж тэмдэг.
- 38°C-аас дээш халуурах + нян вирусын халдвар, хордлого
Эдгээр нь жирэмсний хүндрэлийн анхааруулга байж болзошгүй тул шууд эмнэлэгт хандах эсвэл яаралтай тусламжийн 103 дугаарт залгана уу.
Түгээмэл асуултууд
Эхо хийлгэхгүй бол яах вэ?
Эхо нь жирэмсний хяналтын стандарт арга юм. Хэрэв эхо хийлгэхгүй бол та ургийн хөгжил, өсөлт, эрхтэний бүтцийг шалгах, жирэмсний хугацааг тодорхойлох боломжгүй болно. Энэ нь эх болон урагт асуудал гарах эрсдэлийг эмч эрт илрүүлэх боломжийг хязгаарлана. Хэрэв та эхогоос айж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөж тайлбар авахыг зөвлөж байна.
3D / 4D эхо илүү аюулгүй юу?
Үгүй ээ — энэ нь 2D эхотой ижил дууны долгионыг ашигладаг бөгөөд зургийг өөрөөр боловсруулдаг. 3D/4D эхог нэмэлт визуал дүрслэл төдийгүй, эмнэлгийн хэрэгцээтэй бол эмч санал болгоно. Ердийн жирэмсэнд заавал шаардлагагүй.
Хүүхдийн хүйсийг хэдэн долоо хоногт мэдэх боломжтой вэ?
Ургийн хүйсийг ихэвчлэн 18-21 дахь долоо хоногийн анатомийн бүтэц шалгах үед нарийн тодорхойлдог. Заримдаа 14-16 долоо хоногт сэжиглэх боломжтой ч ургийн байрлал тааруу бол харахад хэцүү байдаг.
Эхо хийсний дараа цус гарвал яах вэ?
Үтрээний эхо шинжилгээ хийсний дараа маш бага хэмжээний толбо гарч болох ч энэ нь хэвийн үзэгдэл юм. Хэрэв сарын тэмдэгтэй адил их хэмжээний цус гарвал нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
Эрт үеийн эхо хийлгэхэд миний хүүхдийн бүх юм нь харагдах уу?
6 долоо хоногтой бол үр хөврөл, 6-7 долоо хоногтой бол ургийн зүрхний цохилт, 8-9 долоо хоногтой бол гар хөлийн тойм харагдана. Дэлгэрэнгүй эрхтэн бүтэц зөвхөн 19-21 долоо хоногийн эрхтэн тогтолцооны анатомийн бүтэц шалгах үед бүрэн харагдана.
Жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмсний эхо хийлгэхээр төлөвлөж байгаа бол Глобал удирдагч их сургуулийн дэргэдэх эмнэлэгт жирэмсний эхо-ндоо ирээрэй.








