Хүүхэдтэйгээ аялахад заавал анхаарах ёстой 5 зүйл
Хүүхэдтэйгээ аялах нь гоё, дурсамжтай, тэд нарт маань өгөөжтэй зүйл олон байдаг боловч заавал анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна аа.
Аялалд хүүхдийн нас маш чухал
Хүүхдүүд хэд хэдэн настай вэ гэдэг үнэхээр чухал юм билээ. Мөн үүнээс шалтгаалан онгоцны тийзний үнэ хүртэл өөр болдог. Өөрөөр хэлбэл. 0-2 насны нялх хүүхэд асран хамгаалагчийн өвөр дээр суун үнэ төлбөргүй зорчдог бол 2-12 насны хүүхэд 25 хувийн хөнгөлөлттэй үнээр тийз худалдан авч, тусдаа суудалд зорчдог.
Мөн 0-3 насны хүүхэдтэй бол богино хугацааны бөгөөд, нэг газарт төвлөрсөн аялал хамгийн тохиромжтой. Хэрвээ 4–10 насны хүүхдүүдтэйгээ явах гэж байгаа бол, тэр хэд маань ид сониучирхаж, тоглоом, танин мэдэх хүсэл хэрэгцээ их байдаг учраас хөдөлгөөнтэй хөтөлбөртэй аялал тохирно.
Жишээ нь амьтны хүрээлэн, усан парк, байгалийн аялалтай байвал их сайн. Мөн хөлөг онгоцоо хүүхдийн буюу disney хөлөг онгоцуудтайгаас сонговол илүү зүгээр байдаг шүү.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Хүүхдийн бичиг баримт
Хүүхэд хэдэн ч настай, сартай байсан заавал хүчинтэй гадаад паспорттой байх ёстой байдаг. Хэрвээ овоглож байгаа хүн нь хамт яваагүй тохиолдолд заавал төрсний гэрчилгээгээр хууль ёсны асран хамгаалагч нь мөн болохыг баталгаажуулах шаардлагатай.
Төрсний гэрчилгээг биет хэлбэрээр, зураг хэлбэрээр эсвэл цахим хэлбэрээр үзүүлж болно. Мөн насанд хүрээгүй хүүхэд эцэг эхээс бусад гэр бүлийн гишүүн буюу эмээ, өвөө, ах, эгчийн хамт гадаадад зорчих бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл бичүүлэх ёстой байдаг.

Хүүхдийн хоол, ундны зохицуулалт
Хэрвээ та онгоцонд хүүхдийн хоол авахыг хүсвэл онгоцны тийз бичүүлэх үедээ урьдчилж хүүхдүүдийн хоолыг захиалаарай. Мөн аль ч орон руу явсан бай ус, хоол солигдох нь хүүхдийн гэдэс амархан хямрах шалтгаан болдог учраас аяллын явцад нэмэлтээр тогтмол ашигтай бактери уулгах хэрэгтэй.
Хүүхдүүдийн хувьд аяллын үеэр шинэ хоол унд өгөөд дэмий гэж хэлмээр байна. Хүүхдийн бие шинэ юмыг амархан хүлээж авахад хүндрэлтэй учраас болж өгвөл биед дассан танил хоол, ус ундааг нь аяллын явцад өгч байвал асуудал үүсгэлгүй аялалдаа төвлөрөх боломжтой.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Хүүхдийн хувцас ба аюулгүй байдал
Мэдээж орчин солигдох учраас хүүхдийн биед тохиромжтой хөнгөн дулаан хувцас болон нарнаас хамгаалах малгай, тос, шавьжнаас хамгаалах шүршигч заавал авч явах хэрэгтэй. Мөн үүнээс гадна зайлшгүй анхаарч бэлдэх ёстой нэгэн зүйл бол хүүхдийнхээ нэр, холбоо барих дугаар юм уу, аккаунтыг бичсэн жижиг нэрийн хаяг хийвэл юмыг яаж мэдэхэв, аливаа эрсдлээс хүүхдээ хамгаалах боломжтой шүү.
АЯЛЛЫН ДААТГАЛ
Аяллын хугацаанд үүсэж болох тодорхойгүй нөхцөл байдал болоод аливаа эрсдэлээс сэргийлэх чухал аргуудын нэг бол аяллын даатгал. Хамгийн нийтлэг аяллын даатгалын төрлүүдэд түргэн тусламжийн үйлчилгээ буюу эрүүл мэндийн гэнэтийн асуудал, ачаа тээш болон бичиг барим алдагдах, аяллын зардлын даатгал зэрэг багтдаг. Мөн зарим улс орон руу аялахад заавал даатгал хийлгэсэн байх шаардлага тавьдаг бөгөөд даатгалтай аялж сурах нь таныг болзошгүй эрсдэлд бэлэн байхад туслах болно.

Аяллын үед аав ээжийг аврах зүйлс
Хүүхдийн хоол, хүүхдийн дуртай амттан, зураг зурах хэрэгсэл, ном болон солих хувцаснууд онгоц юм уу, аяллын автобус зэрэг зүйлсээр явах үед маш их авардаг. Тэднийг сатааруулах боломж. Мөн биед эвтэйхэн хувцас өмсөж, хүйтэн болон халуун аль ч нөхцөлд бэлэн байх, онгоцонд суухаас өмнө бие засуулах, онгоц хөөрөх болон буух үед чихэнд нь хөвөн хийж, чих өвдөхөөс нь хамгаалах хэрэгтэй.

