Умайн хүзүүний тухай ойлголт: Үйл ажиллагаа, эрүүл мэнд, арчилгаа
Умайн хүзүү гэж юу вэ ?
Умайн хүзүү нь 3-4 см урт, үтрээний (үтрээ рүү түрж гарсан), үтрээний дээрх (үтрээнээс дээш байрлах) гэсэн хоёр хэсэгтэй. Умайн хүзүү нь шигүү байрласан фиброз холбогч эдээс тогтох ба кардинал, умай-ууцны холбоосууд, умдаг-умайн хүзүү болон шулуун гэдэс-үтрээний хальснууд нийлдэг бага хэмжээний гилгэр булчингаар тойрог байдлаар хурээлэгдэнэ.
Умайн хүзүү нь эндометрийн хөндийг үтрээтэй холбодог дагуу сувагтай бөгөөд үүнийг умайн хүзүүний суваг гэж нэрлэдэг. Умайн хүзүүний сувгийн эндометрийн хөндий рүү нийлэх хэсгийг дотор хөөмий гэнэ.
Умайн хүзүүний сувгийн үтрээнд нээгдэх хэсгийг гадна хөөмий гэнэ. Хавтгай болон бортгон эсийн уулзвар гадна хөөмийн орчимд байдаг. Энэ нь умайн хүзүүний хавтгай хучуур, умайн сувгийн бортгон хучуурт шилжиж байгааг заана.
Хавтгай ба бортгон хучуур эсийн уулзвараас Папын наацын шинжилгээг (эсийн шинжилгээ) авдаг бөгөөд энэ нь умайн хүзүүний хавдрын урьдал, өмөн үүсдэг гол хэсэг юм. Умайн хүзүүний гадна ил харагдах хэсгийг эктоцервикс гэнэ.
Умайн хүзүү нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн бөгөөд энд эс хуваагдан төлжих замаар биемахбодод шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширчихсөн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн төлжиж байдаг тасралтгүй үйл явц юм.
Ийнхүү эсийн нөхөн төлжих явцад олон янзын шалтгаанаар эсийн хувирал өөрчлөлт үүсч умайн хүзүүний хавдар бий болох эрсдэлд ордог. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчний хорт хавдар дотор нэгдүгээр байрт орж байна.
Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаануудад:
- Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
- Хорт зуршил
- Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
- Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх…гэх мэт
Умайн хүзүүний эрүүл мэнд:
Умайн хүзүүний эрүүл мэнд нь эмэгтэй хүний ерөнхий сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Умайн хүзүүний хорт хавдар:
Умайн хүзүүний хорт хавдар гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, савны амсар хэсгийн хавдар юм. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг эсийн шинжилгээ гэх ба энэ шинжилгээгээр хавдар болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлох боломжтой.
Хөхөнцөр вирусийн вакцинжуулалт:
Хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар дамждаг нийтлэг халдвар юм. Хөхөнцөр вирусийн өндөр эрсдэлтэй зарим төрлийн өвчнөөс хамгаалахын тулд охид, залуу эмэгтэйчүүдэд Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй .
Хөхөнцөр вирусийн вакцин танд тохирох эсэхийг тодорхойлохын тулд эмчтэйгээ сайтар зөвлөлдөх хэрэгтэй.
Хавдрын урьтал өвчин:
Жинхэнэ болон хуурамч шархлаа, улайлт, цагаарал, ургацаг гэх мэт эсийн өөрчлөлтөт эмгэг багтана.
Эдгээр өвчнүүдийг эрт оношлон эмчлэхгүй бол улмаар хавдрын эсэд шилждэг. Эмч хүний нүдээр болон ЭХО-оор оношлох боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3-5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг.
Ихэнх хүмүүс хүндэрсэн буюу хавдрын гурав, дөрөвдүгээр шатандаа орсон үедээ эмчид ханддаг. Иймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг эмэгтэй хүн бүр жилд 1 удаа хийлгэж байх хэрэгтэй ба уг шинжилгээ нь хийлгэхэд хялбар бөгөөд умайн хүзүүний хавдрыг эрт оношлох боломжтой юм.
Эсийн шинжилгээ яаж авдаг вэ ?
Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга.
Маш энгийн ажиллавар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй. Шинжилгээний наалдацыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуутай. Наалдацыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг
Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуу руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгаа эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.
Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна. Шинжилгээний хариу хэвийн, хэвийн бус гэж гарна. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм
Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс хэвийн бус гарсан ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж эдийн шинжилгээ хийнэ
Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?
- 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид
- Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
- Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
- Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.
Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Сарын тэмдэг ирж дууссанаас хойш 5-с доошгүй өдрийн дараа эсийн шинжилгээ өгөх нь хамгийн тохиромжтой.
- Сарын тэмдгийн үед эс судлалын шинжилгээ өгөхийг хориглоно.
- Үтрээний угаалга, тампон, тос, үтрээний лаа зэргийг эсийн шинжилгээ өгөхөөс 2-3 өдрийн өмнөөс хэрэглэхгүй байх.
- Шинжилгээ өгөхөөс 2 өдрийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх.
Ахлах Зэргийн Эмч:
Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:
Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг