Умайн хүзүүний үрэвсэл Цервицит гэж юу вэ?
Умайн хүзүүний үрэвсэл буюу Цервицит
Умайн хүзүүний үрэвсэл буюу цервицит нь умайн доод хэсэг болох хүзүүг бүрхсэн салст бүрхэвч үрэвссэнээс үүсдэг эмэгтэйчүүдийн нийтлэг өвчлөл юм. Энэ үрэвсэл нь халдвар, механик цочрол, дааврын өөрчлөлт зэргээс хамааран янз бүрийн шалтгаантайгаар үүсч болно.
Зарим тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй ч, олон эмэгтэйчүүдэд загатнаа, өвдөлт, үтрээний хэвийн бус ялгадас, бэлгийн хавьталд зовиур зэргээр илэрдэг. Үрэвслийг хойш тавилгүй оношлуулж, эмчийн зааврын дагуу эмчлэх нь үргүйдэл, умайн хүзүүний гэмтэл зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Умайн хүзүүний үрэвсэлд өртөх эрсдэлтэй хүмүүс юу вэ?
- Хамгаалалтгүй, олон хавьтагчтай бэлгийн харьцаанд орох– Бэлгийн замаар дамжих халдвартай нэгээс олон хамтрагчтай байх нь умайн хүзүүний үрэвслийн эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Бэлгийн харьцаанд эрт наснаас орж эхлэх– Бага наснаасаа бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдийн умайн хүзүү илүү мэдрэмтгий, хамгаалалт багатай байдаг тул халдвар авах эрсдэл өндөр байдаг.
- Өмнө нь БЗХӨ тусч байсан түүхтэй байх– Хламиди, гонорея зэрэг халдварт өвчнүүд нь умайн хүзүүний салст бүрхэвчийг гэмтээж, давтан үрэвсэлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Умайн хүзүүний үрэвслийн шинж тэмдэг юу вэ?
Умайн хүзүүний үрэвсэл (цервицит) нь зарим тохиолдолд шинж тэмдэггүй явагддаг ч, олон эмэгтэйчүүдэд дараах зовиурууд илэрдэг:
Түгээмэл шинж тэмдгүүд:
- Үтрээний хэвийн бус ялгадас
Шаргал, ногоондуу, өтгөн, эсвэл эвгүй үнэртэй ялгадас ихсэх - Бэлгийн хавьталд өвдөлт мэдрэгдэх
- Шээх үед хорсох мэдрэмж
- Доош суухад, хэвлийн доод хэсгээр зөөлөн өвдөх
- Сарын тэмдгийн бус үед цус гарах
Жишээ нь: бэлгийн харьцааны дараах цус алдалт - Загатнаа, цочрол, үрэвссэн мэдрэмж
Умайн хүзүүний үрэвслийн шалтгаан юу вэ?
Бэлгийн замаар дамжих халдварууд (БЗХӨ)
Умайн хүзүүний үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан бол хламиди, гонорея, трихомониаз, хүний папиллома вирус (HPV) зэрэг бэлгийн замаар дамжих халдварууд юм. Эдгээр халдварууд нь умайн хүзүүг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг.
Бактерийн халдвар, мөөгөнцөр
- Бактерийн вагиноз зэрэг үтрээний бичил орчны тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй бактери үрэвсэл үүсгэнэ.
- Candida albicans гэх мэт мөөгөнцрийн халдвар ч умайн хүзүүг цочроож, үрэвслийг өдөөж болно.
Химийн бодисын нөлөө
- Үтрээг дотроос нь угаах (douching)
- Үтрээний үнэр дарагч спрей, химийн бодис агуулсан саван
- Жирэмслэлтээс хамгаалах лаа, тос зэрэг нь үтрээний байгалийн рН болон салст бүрхэвчийг цочроож болно.
Дааврын өөрчлөлт
- Эстроген дааврын хэмжээ багассанаар (жишээ нь: цэвэршилт, төрсний дараах үе)
- Эд эсүүд нимгэрч, хамгаалах чадвар буурдаг нь үрэвсэлд өртөмтгий болгодог.
Умайн хүзүүний үрэвсэл хэрхэн эмчилдэг вэ?
Эмчилгээний төлөвлөгөө нь өвчний шалтгаан үүсгэгч, өмнөх өвчлөлийн түүх, шинж тэмдгийн хүндийн зэрэг, үрэвслийн тархалтын хүрээ зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эмчийн зүгээс тодорхойлогддог.
Хэрэв умайн хүзүүний үрэвсэл нь спермицид эсвэл эмэгтэйчүүдийн ариун цэврийн бүтээгдэхүүнд өртсөнөөс шалтгаалсан харшлын урвалын улмаас үүссэн бол эмчилгээний тусгай эм хэрэглэх шаардлагагүй. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний хэрэглээг зогсоох нь үрэвслийг намжаахад хангалттай байдаг.
Харин бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын улмаас үүссэн үрэвслийн үед өвчтөн болон түүний бэлгийн хамтрагч хоёуланд нь антибиотик эмчилгээ шаардлагатай. Эмч нар халдвар дахин дамжихаас сэргийлж, эмчилгээ бүрэн дуустал бэлгийн харьцаанд орохгүй байх зөвлөмжийг өгдөг.
Умайн хүзүүний үрэвсэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ байдаг вэ?
Умайн хүзүүний үрэвсэл нь тодорхой нөхцөл, дадал зуршлуудын улмаас үүсэх магадлалтай тул дараах энгийн аргуудаар энэ өвчнөөс сэргийлэх боломжтой:
Бэлгийн харьцаанд хамгаалалттай оролцох
- Бэлгэвч тогтмол хэрэглэх нь бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлж, умайн хүзүүг хамгаална.
- Итгэлтэй нэг хамтрагчтай байх нь эрсдлийг бууруулна.
БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
- Жил бүрийн эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний наалдацын шинжилгээ (Pap smear) өгснөөр халдварыг эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлнэ.
Үтрээний орчныг зохистой арчлах
- Үтрээ дотроос угаах (douching), химийн үнэр дарагчтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх
- Зөөлөн, рН тэнцвэртэй угаагч хэрэглэх
Ариун цэврийн зөв дадал зуршил
- Хөвөн даавуун дотуур хувцас өмсөх
- Жорлон хэрэглэсний дараа урдаас хойш арчиж занших
- Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийг ойр ойрхон солих
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: