Хурдан жирэмсэн болох зөвлөгөө
Жирэмсэн болох нь зарим хосуудын хувьд маш энгийн мэт санагддаг ч, бусдын хувьд тийм ч амархан зүйл биш байж болно. Хэрэв та удаан хугацаанд жирэмсэн болохгүй байгаа бол ганцаараа биш гэдгээ ойлгох нь чухал — олон хос сар, бүр жилээр хичээж, үр дүнг хүлээдэг.
Хамгийн чухал зүйл бол эмэгтэй хүний өндгөн эс гадагшилж буй буюу овуляцийн үеийн ойролцоо бэлгийн харьцаанд орох явдал юм. Энэ хугацаанд жирэмслэх магадлал хамгийн өндөр байдаг бөгөөд эр бэлгийн эс умайн хүзүүгээр дамжин умайн хөндийд хүрч, өндгөн эстэй нийлснээр үр тогтох боломж бүрддэг. Иймээс мөчлөгөө мэдэх, овуляцийн үеийг зөв тооцоолох нь жирэмслэх магадлалыг эрс нэмэгдүүлдэг.
Жирэмсэн болох хугацааг хэрхэн тооцох вэ?
Ихэнх хосууд хүүхэдтэй болохыг хүссэн үедээ эмэгтэй хүний жирэмслэх магадлал өндөртэй өдрүүд буюу өндгөн эс гадагшлах үеийг тооцоолж, энэ үед бэлгийн харьцаанд орохыг зорьдог. Тэдний нийтлэг ойлголт бол — овуляцийн өдөр эсвэл түүний өмнөх, дараах 1 хоногт бэлгийн харьцаанд орох нь хамгийн үр дүнтэй гэж үздэг.
Харин судалгаагаар эрүүл, тогтмол мөчлөгтэй эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх хамгийн өндөр магадлалтай хугацаа нь өндгөн эс гадагшлах өдрөөс өмнөх 5 хоног болон тухайн өдөр өөрөө болохыг тогтоожээ.
Энэ нь эр бэлгийн эсийн амьдрах чадвартай холбоотой. Эр бэлгийн эс (сперм) нь эмэгтэй хүний бие дотор 3–5 хоног хүртэл амьдрах чадвартай байдаг бол эм бэлгийн эс (өндгөн эс) нь гадагш гарснаас хойш зөвхөн 12–24 цаг амьд байж үр тогтоох чадвараа хадгалдаг.
Тиймээс бэлгийн харьцаа овуляциас өмнөхөн болсон байсан ч сперм өндгөн эсийг хүлээж, овуляцийн өдөр таарч нийлсэн тохиолдолд жирэмслэлт амжилттай болж чадна.
Хурдан жирэмсэн болохын тулд анхаарах зөвлөгөө
Жирэмсний өмнөх үзлэгт хамрагдах нь чухал
Орчин үеийн анагаах ухаан жирэмсний хяналтад эрт орсноос гадна жирэмслэхээс өмнөх үзлэг, бэлтгэл нь эрүүл жирэмслэлтийн үндэс болохыг онцолж байна.
Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй хүн:
- Өөрийн биеийн байдал, эрүүл мэндийн түүхийг үнэлүүлэх
- Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авах
- Фолийн хүчил болон жирэмсний витаминыг хэзээнээс хэрэглэх, ямар тунгаар хэрэглэх талаар мэдээлэл авах зэрэг алхмуудыг заавал хийх хэрэгтэй.
Биеийн юмны мөчлөгөө мэддэг болох нь яагаад чухал вэ?
Сарын тэмдгийн мөчлөгөө мэддэг байх нь жирэмсэн болохыг хүсэж буй эмэгтэйчүүдэд хамгийн эхний чухал алхам юм. Биеийн юмны мөчлөгийг цус үзэгдсэн эхний өдрөөс эхлэн тоолж эхэлдэг бөгөөд энэ нь жирэмсэн болсон тохиолдолд төрөх хугацааг тооцоолох үндсэн суурь болдог.
Мөчлөгийн яг дунд үед буюу овуляцийн үеэр өндгөн эс гадагшилдаг бөгөөд энэ үе бол жирэмслэх хамгийн өндөр магадлалтай цонх хугацаа юм.
Овуляцийн үеийг хэрхэн мэдэх вэ?
Овуляци болж байгааг мэдэх хэд хэдэн арга бий:
- Үтрээний ялгадас “өндөгний цагаан” мэт суналттай болох
- Хэвлийн доод хэсгээр зөөлөн базалж өвдөх
- Хөх хөндүүрлэх
- Биеийн суурь температур бага зэрэг нэмэгдэх
- Овуляцийн тест ашиглах
Овуляцийн тест гэж юу вэ?
Овуляцийн тест нь жирэмсний тесттэй төстэй харагддаг бөгөөд ихэнхдээ 7–8 ширхэг тесттэй иж бүрдэл байдлаар худалдаалагддаг. Тестийг сарын тэмдгийн мөчлөгийн дунд долоо хоногт хэрэглэнэ. Хоёр зураас гарсан өдөр нь овуляц болж байгааг илтгэдэг, энэ өдөр болон түүнээс өмнөх 1–2 хоног бол жирэмслэх хамгийн өндөр магадлалтай үе юм.
Бэлгийн харьцааны дараа хэсэг хугацаанд хэвтэх нь жирэмслэхэд нөлөөлдөг үү?
Бэлгийн харьцааны дараа хөлөө дээш өргөх нь жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг гэж сонсож байсан хүн цөөнгүй. Гэвч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, хөл өргөх нь аарцгийн байрлалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй бөгөөд үр тогтоход шууд нөлөөтэй гэх баттай нотолгоо байхгүй.
Гэхдээ бэлгийн харьцааны дараа 10–15 минут тайван хэвтэх нь тодорхой хэмжээний үр нөлөөтэй байж болно. Энэ хугацаанд эр бэлгийн эс умайн хүзүүгээр дамжин умайн хөндий рүү шилжих боломжтой болдог. Хурдан босч угаах эсвэл шууд хөдлөх нь зарим тохиолдолд шингэний урсгалыг багасгаж болзошгүй гэж зарим судалгаанд дурдсан байдаг.
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: