Жирэмсний шинж тэмдэг болон жирэмслэх магадлалтай өдрүүд
Жирэмсний шинж тэмдэг
Эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт, жирэмслэлтийн шинж тэмдэг өөр өөр байдаг. Таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас 1-2 долоо хоног өнгөртөл жирэмсний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болдог.
Мөн сарын тэмдэг үзэгдээд өнгөрсөн ч жирэмсэн болсон байж болдог ажээ. Гэсэн ч жирэмслэлтийн нийтлэг шинж тэмдэг бүсгүйчүүдэд тохиолддог байна.
Жирэмсэн болсон эсэхээ тестээр үзэж мөн шууд эхо-д харуулж болно. Гэвч тест нь үр тогтсоноос 10 хоногийн дараа, эхо нь 21 хоногийн дараа л мэдэгдэж эхэлдэг байна. Иймд энэ хугацаанд жирэмсэн болсон үгүйг тодорхойлж болох хэдэн зөвлөмж хүргэе.
Жирэмсэн болсон байж магадгүй 10 шинж
Хөх эмзэг болж томрох
Жирэмсний эрт үеийн шинжүүдийн нэг бол дааврын төвшин ихэссэний улмаас хөх мэдрэг, хөндүүр болох шинж юм. Жирэмсний үед хөх хөндүүрлэх нь сарын тэмдэг үзэгдэхийн өмнөхөн хөх эмзэглэхтэй төстэй байдаг. Энэ таагүй мэдрэмж жирэмсний эхний гурван сарын дараагаар таны бие дааврын өөрчлөлтөд дасан зохицсонтой холбоотойгоор багасдаг.
Амархан ядрах
Гэнэт ядарснаа мэдэрч байна уу? Та үнэхээр их ажил хийсэн үү? Үгүй тэгж их ядрахаар зүйл хийгээгүй байж болно. Жирэмсний эрт үед амархан ядрах, нойрмог байдал үүсэх нь прогестрон дааврын төвшин хурдан нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг.
Жирэмсний хоёр дах гурван сард энэ үеэс илүү эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрдөг боловч жирэмсний сүүлийн хугацаанд биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болоод амархан ядрах байдал эргээд үүсдэг.
Хөврөл эс бэхлэгдэх үеийн цус гаралт
Зарим эмэгтэйчүүд үр тогтсоны дараах 11-12 дах хоногт үтрээнээс бага зэрэг цус гарах шинж тэмдэг илэрдэг. Энэ цус гаралт үр тогтсон өндгөн эс цусны судсаар баялаг умайн дотор хананд шигдэн орсны улмаас үүсдэг гэж үздэг. Энэ үед гарч байгаа цусны өнгө цайвар байдаг бөгөөд баг хэмжээтэй үзэгддэг.
Дотор муухайрах ба бөөлжих
Жирэмсэн болсны дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Энэ шинж тэмдэг үр тогтсоны дараах сард ихэвчлэн илэрдэг бөгөөд өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно.
Дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан эмэгтэйчүүдийн бараг тал хувьд жирэмсний хоёр дах гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Харин зарим хэсэгт дараагийн сарууд үргэлжлэн илэрч болох боловч харьцангуй хөнгөн хэлбэртэй болдог.
Үнэрт мэдрэг болох
Хэрэв та саяхан жирэмсэн болсон бол сэндивчийн хиам болон коффений үнэр зэрэг нь эвгүй мэдрэмж төрүүлж огиулах нь элбэг тохиолдоно. Энэ нь жирэмсэн болсны улмаас эстроген дааврын төвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.
Гэдэс дүүрэх
Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болдог. Жирэмсний маш эрт хугацаанд умайн хэмжээ томорч мэдэгдээгүй байхад таны хувцас хэвлий хэсгээрээ яагаад багтахгүй болоод байна вэ? Үүнийг гэдэс дүүрэхтэй холбон тайлбарладаг.
Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад? Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг. Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмээ томорч давсганд даралт учруулснаар улам тод илэрдэг.
Биеийн юм хоригдох
Хэрэв таны биеийн юм тогтмол ирдэг боловч хугацаандаа ирэхгүй, мөн дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл жирэмсний тест үзэх хэрэгтэй. Хэрэв таны биеийн юм тогтмол ирдэггүй эсвэл хугацаа болоогүй байхад дотор муухайрах, хөх эмзэг болж томрох, шээс ойрхон хүрэн зэрэг шинж тэмдэг илэрвэл жирэмсэн болсон байж магадгүй байдаг.
Биеийн суурь халуун өндөр болох
Хэрэв та биеийн суурь халууны хэмжээг байнга тэмдэглэж байдаг бол биеийн юмны мөчлөгийн 18 дах хоног орчмоос өндөр болбол та жирэмсэн болсон байж магадгүй.
Баталгаатай шинж: Жирэмсний тест эерэг гарах
Хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн биеийн юм хоригдсоны дараах долоо хоног хүртэл жирэмсний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсний тестийг хэд хоногийн дэрээ дахин үзэх хэрэгтэй.
Хэрэв жирэмсний тестийн хариу эерэг гарвал эмчид хандаарай.
Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь
Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.
Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг.
Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрд адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно.
Бид сарын тэмдгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.
Сарын тэмдгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг.
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.
Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой гэж бодъё. Овуляци болсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн овуляци нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд овуляци болно гэсэн үг.
Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт овуляци болно гэсэн үг.
Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт овуляци болно гэсэн үг.
Хэрэв сарын тэмдэг тогтмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.
Жишээ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.
Овуляци болох өдрөө тооцсон тул одоо тухайн өдрөө үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох боломжтой. Эр бэлгийн эс өндгөн эстэй умайн гуурсанд уулзаж үр тогтдог гэдгийг бид мэднэ. Өндгөн эс овуляци болсний дараах 16-24 цаг хүртэл үр тогтох чадвартай байдаг. Иймээс овуляци болох үеэр эр бэлгийн эс умайн гуурсанд очсон байх шаардлагатай.
Эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног хүртэл амьдарч чаддаг учраас овуляцийн өмнөхөн буюу овуляцийн үед “унтвал” үр тогтоно. Тэгэхлээр жирэмслэх боломжтой өдрүүд нь овуляци болохоос өмнөх 3 өдөр болон овуляци болж байгаа тэр өдрүүд юм.
Одоо овуляцийг тооцсон өмнөх дөрвөн жишээн дээрээ үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдээ хэрхэн тооцохыг үзүүлье.
Жишээ 1д: 14дэх хоногт овуляци болсон. Тиймээс өмнөх 3 өдрийг нь оролцуулаад сарын тэмдгийн 11,12,13,14 дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой гэсэн үг.
Жишээ 2т: 11дэх хоногт овуляци болсон. Тиймээс 8,9,10,11дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Жишээ 3т: 17дэх хоногт овуляци. Тиймээс 14,15,16,17 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Жишээ 4т: 12-16 дахь хоногуудад овуляци. Тиймээс 9-16 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.
Бидний бэлдсэн нийтлэл танд таалагдсан гэж найдаж байна. Та жирэмсэн болсон бол хэвлийд байгаа сахиусан тэнгэртэйгээ доорх аяыг хамтдаа сонсоорой. Энэхүү ая нь хүүхдүүдийн тань тархины хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ид шидтэй шүү.
Санал болгох нийтлэлүүд:
Д витамины талаарх бүх мэдээллийг нэг дороос
Гараа зөв угаах энгийн 5 дараалал
Цистит гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?
Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон хэрхэн хоолны дэглэм барих вэ?
Ахлах Зэргийн Эмч:
Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:
Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг