Спираль тавиулах тухай чухал 3 ойлголт
Жирэмснээс хамгаалах ерөндөг буюу спираль тавиулах тухай ойлголт
Спираль тавиулах буюу умайн хөндийд тавигддаг ерөндөг нь жирэмснээс хамгаалах өндөр үр дүн бүхий, аюулгүй арга юм.
Жирэмслэхээс хэрхэн хамгаалдаг вэ?
Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж /удаашруулж/ эм бэлгийн эстэй нийлхээс сэргийлнэ. Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд саад учруулна.
Давуу талууд
- Өндөр үр дүнтэй
- Ерөндөг тавьснаас хойш 5-10 жил жирэмслэхээс хамгаална.
- Ерөндөгийг хүссэн үедээ авч болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.
- Төрсөн, хөхүүл эхчүүдэд нэн тохиромжтой. Хөхний сүүний гарцанд нөлөөлөхгүй.
- Дааврын эм хэрэглэхэд тохиромжгүй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой.
- Бэлгийн харилцаанд саад болохгүй.
Сул талууд
- БЗДХ болон ХДХВ/Дох-оос хамгаалахгүй.
- Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, бага зэрэг өвдөлттэй ирэх шинж тэмдэг илэрч болно.
Ерөндгийг хэзээ тавьж болох вэ ?
- Ерөндөг хэрэглэхээс өмнө та мэргэжлийн эмчээс эсрэг заалт байгаа эсэхийг тодруулан зөвлөгөө авч, үзлэг, шинжилгээ хийлгэх хэрэгтэй
- Хэрэв жирэмсэн биш гэдэг нь найдвартай бол сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед тавьж болох боловч сарын тэмдгийн 3-5 дахь хоногт тавих нь хамгийн тохиромжтой
- Төрсний дараа 4-6 долоо хоногийн дараа
- Үр хөндөлт болон зулбалтын дараа халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шууд тавьж болно.
Хяналтанд ирэх хугацаа
Ерөндөг тавьсны дараа 3-7 хоногийн дотор эмчид дахин үзүүлэх шаардлагатай
Ерөндөг өөрөө шалгах
Гараа сайтар угаасны дараа үтрээндээ хийн ерөндөгийн утсыг шалгана. Утас нь мэдрэгдэхгүй богиноссон эсвэл уртассан байвал эмчид хандах шаардлагатай.
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид ирж зөвөлгөө аваарай
- Сарын тэмдэг саатах
- Сарын тэмдэг удаан үргэлжлэх, их хэмжээгээр цус алдах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл гарах
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
- Үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөж халуурах
Суулгац гэж юу вэ ?
Өндгөвчнөөс ялгардаг шар биеийн даавар агуулсан шүдэнзний модны хэмжээтэй 2 ширхэг уян зөөлөн эдээр хийгдсэн хамгаалах хэрэглэл юм. Суулгацыг эмэгтэйн бугалганы арьсан дор тавина.
Шар биений даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг.
Үйлчлэх хугацаа
- Леволпант суулгац нь 3жил жирэмслэхээс хамгаалдаг.
- Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.
Давуу талууд
- Аюулгүй
- Өндөр үр дүнтэй
- Удаан хугацааны үйлчилгээтэй
- Бэлгийн харилцаанд саад болохгүй
- Суулгац авсны дараа дахин жирэмслэх боломжтой
- Биений юмны аль ч үед тавиулж болох ч биений юмны 1-5 дах хоног тавиулбал илүү тохиромжтой
- Нөхөн үржихүйн насны урт хугацааны арга хэрэглэхийг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болно
Сул талууд
- БЗДХ, ХДХВ/Дох-ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед бэлгэвч хэрэглэх шаардлагатай
- Сүрьеэ болон уналт таталтын эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд Бэлдмэлийн үйлчлэл сулардаг
Гаж нөлөө
- Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох
- Биений юм ирэхгүй байх
- Зарим тохиолдолд толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илрэх
Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй.
Хэзээ хэрэглэж болох вэ ?
- Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох эсэхийг заавал нягтална
- Мэргэжлийн эмчид үзүүлэн жирэмсэн биш гэдэг нь баталгаатай үед биений юмны аль ч үед тавиулж болно
- Төрсний дараа хөхүүл биш бол 6 долоо хоногийн дараа, хөхүүл бол 6 сарын дараа тавиулж болно
- Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавиулж болно
Ямар эмэгтэйчүүдэд тохиромжтой сонголт вэ ?
- Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
- Мөн 35-с дээш насны тамхи татдаг, ХДХВ/Дох-ын халдвартай, умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүд тавиулж болно.
Суулгацыг хэрхэн тавих вэ ?
Сургагдсан мэргэжлийн эмч суулгацыг бугалганы арьсан дор, хэсгийн мэдээ алдуулах тариа хийсний дараа багахан зүслэг хийж тавина
Суулгацыг хэрхэн авахуулах вэ ?
- Та хүссэн цагтаа авахуулж болно.
- Суулгацыг мэргэжлийн эмч жижиг мэс ажилбараар авна
Ахлах Зэргийн Эмч:
Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:
Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг