Хатиг эмчлэх арга
Хатиг гэж юу вэ?
Үсний хүүдий, тосны булчирхайн зөөлөн эдийг хамарсан арьсны гүн идээт үрэвслийг хатиг гэнэ. Хатиг гарах гол шалтгаан нь S.aureus буюу стафилококк гэх бактери юм. Мөн түүнчлэн арьсны бага зэргийн гэмтлүүд, дархлаа муудах, таргалалт, чихрийн шижин нь хатиг үүсэх эрсдэлт хүчин зүйлс болно.
Хатигийг хэрхэн бусад арьсны өвчнөөс ялгах вэ?
Хатигийг бусад арьсны идээт өвчнөөс ялгах шинж тэмдэг нь хатиг эхэн үедээ гүн идээт цэврүүнцэр хэлбэрийн байх ба 3-5 см хэмжээтэй, өвчин эмзэглэлтэй, тод улаан өнгөтэй байна. Хэд хоногийн дараа голомт төвөөсөө овойж,шовх хэлбэрт шилжин бамбалзаж, хатигны гэр үүсч өөрчлөгдөнө. Улмаар идээт голомт задарч, идээ цус ялгарснаар жижиг шарх үүсэн 2-3 хоногт сорвижин эдгэнэ.
Олон хатиг гарч болох уу?
Хатиг нүүр, хүзүү, мөр, хэвлий, гуянд гарах боловч хамгийн түгээмэл гардаг байрлал нь өгзөг юм. Хатиг ганц нэгээрээ гарч болох ч дархлаа муудсан үед олон хатиг цуварч гарч болно.Ийнхүү олон хатиг цуварч гарахыг хатигшил гэж нэрлэдэг.
Хатиг эмчлэх арга
Хатиг үүссэнээс эхлээд эдгэрэх хүртэл хугацаа 2 долоо орчим хоног болдог. Ганц нэг хатиг гарсан үед ихэвчлэн антибиотик эмчилгээг зөвлөдөг. Гэвч хатиг гарсан хүн бүрт антибиотик эмчилгээ хийхгүй бөгөөд үүнийг зөвхөн таныг эмчлэгч эмч л шийдэх юм. Антибиотик эмчилгээг хийх заалт бий. Үүнд:
- Буглааны хэмжээ 2см хүртэл
- Хатиг гарсан хүнд хордлогын шинж тэмдэг илрээгүй үед
- Дархлаа дарангуйлах болон архаг хууч өвчингүй хүнд
- Эндокардит үүсэх эрсдэлгүй хүнд
Эмчилгээг эхэлснээс хойш 24-48 цагийн дотор давтан шинжилгээ өгч эмчилгээ үр дүнтэй байгаа эсэхийг хянах шаардлагатай байдаг.
Мөн хатигны гэрийг зүсч идээ буглааг гарган эмчилж болно.
Хатигийг эмчлэхэд антибиотик үр дүнтэй юу?
Антибиотик хэрэглэсэн болон огт хэрэглээгүй 4000 хүмүүсийг санамсаргүй байдлаар туршилтанд оруулсан судалгааны үр дүнд антибиотик эмчилгээ хатигийг 95%-ийн үр дүнтэй эмчилнэ гэсэн дүгнэлт гарсан байна.
Хатиг эмчлэгдэхгүй удвал яах вэ?
Хатиг гарсан даруйд эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгээгүй тохиолдолд халуурах, бие зарайх, толгой өвдөх зовиур нэмэгдэж менингитээр хүндэрч болно. Хатигаас шалтгаалан үүсэх гол хүндрэл сепсис, остеомиелит, MRSA(метицеллинд тэсвэртэй стафилококкийн халдвар) юм.
Хатиг дахин гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1.Шарх,халдвартай эд зүйлд хүрсэний дараа гарыг сайтар савандаж угаах, хувийн ариун цэврийг сахих
2.Халдвартай арьсанд хэрэглэгдсэн боолт, алчуур, цагаан хэрэглэлийг дахин хэрэглэхгүй байх
3.Шархыг цэвэр, хуурай боолтоор боож хэвших
4.Гэр ахуйн цэвэрлэгээг сайтар хийх