Шүд цайруулах үр дүнтэй аргууд
Өөртөө итгэлтэй, гялалзсан инээмсэглэл бол таны ерөнхий дүр төрхийг гэрэлтүүлж, бусдад үлдээх анхны сэтгэгдлийг сайжруулах чухал хүчин зүйл юм. Хэрэв та шүдээ цайруулахыг хүсэж байгаа бол зорилгодоо хүрэх аюулгүй, үр дүнтэй олон сонголт бий.
Энэ нийтлэлээр бид шүдний өнгийг сэргээх хамгийн үр дүнтэй, туршигдсан аргуудыг танд танилцуулах болно.

Шүд Яагаад Өнгөө Алдаж, Шарладаг Вэ?
Шүдний өнгө хувирах нь олон хүчин зүйлээс хамаардаг. Эдгээрийг мэдэх нь танд өнгийг нь хадгалах, цайруулалтын дараах үр дүнгээ бататгахад тустай.
- Насжилт: Цаг хугацаа өнгөрөх тусам шүдний гаднах хамгаалалтын давхарга болох паалан нимгэрч, доорх шар өнгийн шүдний тулгуур эд (дентин) илүү тодорч харагддаг. Мөн энэ үед шүдэн дээр янз бүрийн толбо хуримтлагдах нь ихэсдэг.
- Хоол хүнс ба ундаа: Өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн, ундаа нь шүдний гадаргуу дээр толбо үүсгэх гол шалтгаан болдог. Ялангуяа улаан дарс, кофе, хар цай, кола, мөн лууван, жүрж зэрэг тод өнгөтэй жимс, хүнсний ногоо байнга хэрэглэх нь шүдний өнгийг аажмаар хувиргадаг.
- Тамхины нөлөө: Тамхинд агуулагдах никотин болон бусад химийн бодисууд нь шүдний пааланд нэвчиж, улмаар гүнзгий, дотоод өнгө алдалтыг үүсгэдэг. Тамхичид ихэвчлэн шар эсвэл бор өнгөтэй болсон шүдтэй байдаг.
Мэргэжлийн Шүдний Цэвэрлэгээ: Инээмсэглэлээ Сэргээх Эхний Алхам
Шүдний өнгөө сэргээж, гэрэлтсэн инээмсэглэлтэй болох эхний чухал алхам бол мэргэжлийн шүдний цэвэрлэгээ юм. Хэдийгээр та шүдээ цайруулах бусад эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа бол ч, энэ цэвэрлэгээг хийлгэх нь үр дүнг сайжруулж, амны хөндийн эрүүл мэндийг хангахад чухал ач холбогдолтой.

Кокосын Тосоор Ам Зайлах: Эртний Уламжлалт Амны Хөндийн Арчилгаа
Амны хөндийн эрүүл ахуйг дэмжих, шүдийг байгалийн аргаар цэвэрлэх эртний уламжлалт аргуудын нэг бол кокосын тосоор ам зайлах явдал юм. Энэхүү арга нь Энэтхэгийн эртний анагаах ухаан Аюрведаас гаралтай бөгөөд амны хөндийн хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй гэж үздэг.
Кокосын Тосоор Ам Зайлахын Ач Холбогдол:
- Бактерийн эсрэг үйлчилгээ: Кокосын тос нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг. Энэ нь амны хөндийд үржих хортой бактерийг устгахад тусалдаг.
- Хорт бодис гадагшлуулах: Тос нь амны хөндий дэх хорт бодисуудыг өөртөө шингээж, биеэс гадагшлуулахад дэмжлэг үзүүлдэг.
- Буйлны эрүүл мэнд: Буйлны үрэвслийг намдааж, буйлны эрүүл мэндийг сайжруулахад эерэг нөлөөтэй.
- Амны эвгүй үнэрийг бууруулах: Бактерийг устгаснаар амны эвгүй үнэрийг бууруулахад тусална.
Хэрхэн Зөв Зайлах Вэ?
- Бэлтгэл: Өглөө өлөн элгэн дээрээ эсвэл хоол идэхээсээ өмнө нэг халбага (ойролцоогоор 5-10 мл) цэвэр, органик кокосын тосыг амандаа хийнэ.
- Зайлах: Тосыг амандаа эхлээд бага зэрэг зажилж эсвэл хөдөлгөж уусгана. Дараа нь шүдний завсраар, буйлыг иллэг хийх мэтээр 15-20 минутын турш тасралтгүй зайлна. (Тосыг залгихгүй байх нь маш чухал, учир нь энэ нь хорт бодисыг өөртөө шингээсэн байна.)
- Асгах: Зайлж дууссаны дараа тосыг хогийн сав эсвэл жорлон руу асгана (угаалтуур руу асгавал тос хатуурч бөглөрөх магадлалтай).
- Цэвэрлэх: Амаа бүлээн усаар сайтар зайлж, шүдээ сойздож цэвэрлэнэ.

Сод ба Лимоны Шүүс: Байгалийн Цайруулах Нууц
Байгалийн аргаар шүдний өнгөө сэргээхийг хүсдэг хүмүүст хүнсний сод болон лимоны шүүсний хослол нь энгийн шийдэл болж чаддаг.
- Хүнсний сод: Шүдний гадаргуу дээрх өнгөрийн толбыг зөөлөн зүлгүүрдэн арилгаж, цайруулахад тусалдаг.
- Лимоны шүүс: Агуулагдах хүчлийн ачаар байгалийн цайруулагч бодисын үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэглэх арга:
Бага хэмжээний хүнсний содыг лимоны шүүстэй хольж өтгөн зуурмаг үүсгэнэ. Энэ хольцоор долоо хоногт хоёр удаагаас илүүгүй шүдээ зөөлөн угаана.
Анхааруулга: Хүчил болон зүлгүүрдэх үйлчилгээ нь шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй тул хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, болгоомжтой байх нь чухал. Урт хугацаанд тогтмол хэрэглэхээс өмнө шүдний эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.

Идэвхжүүлсэн Нүүрс: Шүд Цайруулах Байгалийн Оролдлого
Сүүлийн үед идэвхжүүлсэн нүүрс нь шүд цайруулах байгалийн арга хэмээн ихэд түгэж байна. Энэ нь хорт бодис болон гадаргуугийн толбыг өөртөө шингээх өндөр чадвартайгаараа алдартай.
Хэрхэн ашиглах вэ?
Нойтон шүдний сойзоо идэвхжүүлсэн нүүрсний (мөн уголь гэж нэрлэдэг эмийн) нунтагт дүрж, шүдээ маш зөөлөн угаана.
Анхааруулга:
Идэвхжүүлсэн нүүрс нь зөөлөн үрэлтийн шинж чанартай тул хэт их үрэх эсвэл хэт олон удаа хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Учир нь энэ нь шүдний хамгаалалтын давхарга болох паалангаа гэмтээж болзошгүй юм. Хэрэглэхээсээ өмнө шүдний эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Цайруулах Наалт: Гэрийн Нөхцөл дэх Үр Дүнтэй Сонголт
Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах түгээмэл бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол цайруулах наалт юм. Эдгээр наалт нь шүдний гадаргуугийн толбыг арилгах зориулалттай, хэт исэлд суурилсан (пероксид) гель агуулсан байдаг.
Хэрэглэх арга:
Сав баглаа боодол дээрх зааврыг нарийн дагаж, туузыг санал болгосон хугацаанд (ихэвчлэн өдөрт нэг эсвэл хоёр удаа, тодорхой минутаар) шүдэндээ нааж хэрэглэнэ.
Үр дүн:
Цайруулах наалт нь шүдний өнгийг мэдэгдэхүйц цайруулж, цаг хугацаа өнгөрөх тусам тогтвортой үр дүн өгч чаддаг. Тогтмол хэрэглэснээр гэрэлтсэн, цагаан инээмсэглэлтэй болоход тусална.
Анхааруулга: Заавраас хэтрүүлж хэрэглэхгүй байх нь чухал, учир нь энэ нь шүдний мэдрэг байдлыг нэмэгдүүлж болзошгүй юм.

Цайруулах Үйлчилгээтэй Шүдний Оо: Өдөр Тутмын Арчилгааны Сонголт
Өдөр тутмын амны хөндийн арчилгаандаа цайруулах үйлчилгээтэй шүдний оог нэмснээр шүдний өнгийг сэргээх боломжтой. Эдгээр оо нь шүдний гадаргуу дээр тогтсон толбыг арилгахад туслах зөөлөн зүлгүүр болон өнгөлгөөний бодис агуулдаг.
Шинэ толбо үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цайруулах шүдний оог тогтмол хэрэглэх нь чухал. Энэ нь таны инээмсэглэлийг илүү гэрэлтсэн харагдуулахад туслах энгийн бөгөөд хялбар арга юм.

Алимны Цуу: Байгалийн Цайруулах Үйлчилгээтэй Хэдий Ч Болгоомжтой Хэрэглээрэй
Алимны цуу нь хүчиллэг шинж чанартай хэдий ч, зарим тохиолдолд шүд цайруулах байгалийн арга хэмээн ашиглагддаг. Учир нь энэ нь шүдний гадаргуу дээрх толбыг арилгахад туслах чадвартай юм.
Хэрэглэх арга:
Алимны цууг усаар шингэлж, ам зайлагч болгон хэрэглэнэ. Бэлдсэн шингэнээрээ хэдхэн секундын турш амаа зайлсны дараа, заавал усаар сайтар зайлж цэвэрлэх шаардлагатай.
Анхааруулга:
Алимны цууны хэт их хүчил нь шүдний пааланг гэмтээж, элэгдэлд оруулах эрсдэлтэй тул энэ аргыг байнга хэрэглэхээс зайлсхийж, маш болгоомжтой хандах хэрэгтэй. Байгалийн арга хэдий ч, шүдний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар шүдний эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Жимс ба Хүнсний Ногоо: Шүдний Байгалийн Цэвэрлэгээ
Зарим төрлийн шаржигнуур жимс, хүнсний ногоо нь таны шүдийг байгалийн аргаар цэвэрлэхэд тустай. Алим, лууван, шанцай (сельдерей) зэрэг нь шүдийг зажлах явцад механик аргаар гадаргуугийн толбыг арилгахад дэмжлэг болдог.
Эдгээр нь шүдийг угаахыг орлохгүй ч, хоолны дараа шүдний гадаргуу дээр тогтсон шинэ толбо үүсгэхээс сэргийлэхэд туслах нэмэлт арга юм.

Соруул Ашиглах нь: Шүдний Толбоноос Сэргийлэх Энгийн Арга
Шүдний өнгийг алдагдуулж, толбо үүсгэдэг түгээмэл шалтгаанууд нь кофе, цай, улаан дарс, хар өнгийн сүмс зэрэг хүнс, ундаа юм. Хэрэв та эдгээр зүйлсийг хэрэглэхээ бүрэн зогсоож чадахгүй бол, шүдэндээ хүрэх нөлөөллийг багасгахын тулд соруул хэрэглэх нь үр дүнтэй арга байж болно.
Соруул ашигласнаар шингэн нь шүдний урд гадаргуутай шууд харьцахгүйгээр залгигддаг тул толбо үүсгэх эрсдэлийг бууруулдаг. Энэ нь цайруулсан шүдний өнгийг хадгалах, эсвэл шүдний өнгө хувирахаас урьдчилан сэргийлэх энгийн бэр үр дүнтэй арга юм.

Амны Хөндийн Эрүүл Ахуйг Сахих: Цагаан Шүдний Үндэс
Гэрэлтсэн, цагаан шүдтэй байхын үндэс нь тогтмол бөгөөд зөв амны хөндийн эрүүл ахуйг сахих явдал юм. Энэ нь зөвхөн гоо зүйн асуудал бус, харин амны хөндийн эрүүл мэндийг бүхэлд нь хамгаалж, шүдний өнгө хувирч, толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга юм.
Амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн зөв сахих вэ?
- Шүдээ тогтмол угаах: Өдөрт дор хаяж хоёр удаа, хоёр минутын турш зөв аргаар шүдээ угаах нь хоолны үлдэгдэл, өнгөрийг арилгаж, толбо тогтохоос сэргийлнэ.
- Шүдний утас ашиглах: Сойзны хүрч чадахгүй шүдний завсрын хоолны үлдэгдэл, өнгөрийг шүдний утас ашиглан цэвэрлэх нь чухал.
- Ам зайлагч бодис: Ам зайлагч хэрэглэх нь амны хөндийн бактерийг устгаж, амны эвгүй үнэрийг дарж, цэвэр байдлыг хангахад тусалдаг.
Эдгээр энгийн алхмуудыг тогтмол хийснээр таны амны хөндийн эрүүл мэнд баталгаажиж, шүд тань илүү цэвэрхэн, танан цагаан байдлаа хадгалахад чухал нөлөө үзүүлнэ. Цэвэр ам бол эрүүл, танан цагаан шүдний үндэс юм.

Шүд цайруулах эмчилгээг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
Шүд цайруулах эмчилгээг дараах тохиолдлуудад хийлгэх нь зохимжтой. Энэ нь таны инээмсэглэлийг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.
- Төрөлхийн шүдний өнгө харлаж, өнгөрсөн хүмүүс: Зарим хүний шүдний өнгө нь төрөлхийн бараан эсвэл шар өнгөтэй байдаг тул цайруулах эмчилгээ нь мэдэгдэхүйц өөрчлөлт авчирдаг.
- Бага насандаа буруу эм хэрэглэснээс шүдний өнгө хувирсан хүмүүс: Тодорхой төрлийн эм (жишээ нь, тетрациклин) бага насанд хэрэглэснээс болж шүдний өнгө байнгын хувиралд орсон тохиолдолд цайруулах эмчилгээ хийлгэх боломжтой.
- Нас ахиснаас шүдний өнгө хувирч, өнгөрсөн хүмүүс: Насжилттай холбоотойгоор шүдний паалан нимгэрч, доорх дентин илүү тодорсноос шүд шарлах эсвэл бараантах нь элбэг байдаг.
- Кофе, тамхи их хэрэглэснээс шүдний өнгө хувирсан хүмүүс: Кофе, цай, улаан дарс, тамхи зэрэг нь шүдний гадаргуу дээр толбо үүсгэж, өнгийг нь алдагдуулдаг тул ийм тохиолдолд цайруулалт хийх нь үр дүнтэй.
- Шүдний гадны цохилтоос болж шүд харлаж, өнгө хувирсан хүмүүс: Шүд гэмтсэнээс болж харлах нь элбэг байдаг бөгөөд энэ үед ч цайруулах эмчилгээний тодорхой аргууд үр дүнтэй байж болно. (Гэхдээ энэ тохиолдолд эмч үзлэг хийж, шүдний доторх байдлыг шалгах нь чухал юм).

Ижил төстэй нийтлэлүүд: