Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Монгол улсын стандарт
Ангиллын код: 13.340.01
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. MNS 4930 : 2000
Ерөнхий шаардлага Safety of machinaty . General requirements MNS 12.2.001:1981-ын оронд
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн 98 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2000 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1 Хамрах хүрээ
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны стандарт нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хамаарах бөгөөд эдгээр тоног төхөөрөмжид тавих аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтооно.
2 Ерөнхий шаардлага
2.1 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь угсрах (зайлшгүй үед задлах), засвар үйлчилгээ хийх, хадгалах, зөөж тээвэрлэх, дангаар нь буюу технологийн системийн цогцолборын бүрэлдэхүүнд ашиглах үед аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна.
2.2 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар, дүрэмтэй байна.
2.3 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь ашиглах явцад тогтоосон хэмжээнээс их хорт бодисоор хүрээлэн байгаа орчныг бохирдуулахгүй байвал зохино.
2.4 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
- Ажиллах зарчим, зохион байгууллагын бүдүүвч, аюулгүй эд ангийг зөв сонгосон.
- Механикжуулалд, Автоматжуулалт, алсын удирдлагын техник хэрэгслийг хэрэглэсэн.
- Хаалт, хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн.
- Тохирох материалыг хэрэглэсэн.
- Галын болон дэлбэрэлтийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлсэн.
- Эргономикийн шаардлагуудыг хэрэгжүүлсэн
2.5 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дагалдах бичиг баримтад ашиглах, зөөж тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх, болон хадгалах үеийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагыг тусгасан байна.
Техникийн бичиг баримтад заасан хугацаанд засвар, үйлчилгээ, тохируулгыг байнга хийж байх ба энэ тухай болон тоног төхөөрөмжийн ажиллагаа, сул зогсолтын талаар бүртгэл хөтөлж, хяналт тавьж байна.
2.6 Тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулах үед аюулгүй ажиллагаа хангасан талаар холбогдох байгууллага, албан тушаалтан (хөдөлмөрийн хяналтын байгууллага)-д хянуулж, зөвшөөрөл авсан байна.
MNS 4930: 2000
2.7 Цахилгаан тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, цахилгааны ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.
2.8 Өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт тохируулга баталгаажуулалт хийсэн байна.
Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаалагч компани – Чанартайг хэрэглэж бүтээмжтэй ажиллая! Утас 77114848
3. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага
3.1 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүд (дамжуулах хоолой, цахилгаан дамжуулагч гэх мэт)- ийг хэвийн ажиллагааны явцад тохиолдлоор бохирдож эвдэрч аюул, осолд хүргэхгүй байхаар тооцож хийсэн байна.
3.2 Хий, уур, даралтат хий, шингэний болон өөр төрлийн систем тус бүрд мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх бөгөөд технологийн системийн цогцолборт тэдгээрийн ажиллагааны онцлог нөхцөлийг тооцсон байна.
3.3 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул, ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалж хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгслүүдтэй байвал зохино.
3.4 Галын аюулгүй ажиллагааны болон эрүүл ахуйн зохих туршилт хийгээгүй шинэ бодис, материалыг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцэд хэрэглэхийг хориглоно.
3.5 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцийн эд ангиудын аюул, осолд хүргэж болох хурц өнцөг, ирмэг, тэгш бус гадаргуу нь тоног төхөөрөмжийн гүйцэтгэх үүрэгтэй уялдан зайлшгүй байх шаардлагатай бол учирч болох гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгасан байвал зохино.
3.6 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцийн хэт халуун болон хүйтэн хэсэгт санамсаргүй хүрч ажиллагч осолд орохоос хамгаалсан байвал зохино.
3.7 тоног төхөөрөмжийн ажиллагааны үед үйлдвэрлэлийн байранд гарч байгаа дулаан, чийг, шуугиан, доргион, тоос болон хортой бодисын хэмжээ нь тогтоосон (стандартад заасан зөвшөөрөх) хэмжээнээс хэтэрч үл болно.
3.8 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцийн бүрэлдэхүүнд орж байгаа ажлын байр, суудал зэрэг нь ажиллахад тохиромжтой, аюулгүй ажиллах нөхцөлийг хангасан байвал зохино. Зайлшгүй тохиолдолд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гадаад орчны тохиромжгүй нөлөөллөөс ажиллагчдыг хамгаалах бүхээгтэй байна. Бүхээгийн байрлал, хийц нь ажиллагчдын үйл ажиллагааг хүндрүүлэхгүй, аюултай болон хортой нэмэгдэл хүчин зүйлүүдийг үүсгэхээргүй байна.
3.9 Ажилуулагч нь явж үйлчилгээ хийдэг үйлдвэрийн тоног төхөөрөмж нь үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой аюулгүй ажиллагааг хангасан хийц, хэмжээ бүхий тоноглосон хэрэгсэл, байгууламж (ажлын байр, гарц, шат, хашлага гэх мэт)-ээр хангагдсан байвал зохино.
3.10 Онцгой нөхцөлтэй (нарийн хараа шаардах ) ажлын байрны тоног төхөөрөмж нь тухайн нөхцөлд тохирсон зориулалтын хэсэгчилсэн гэрэлтүүлэгтэй байна.
3.11 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн удирдлагын систем нь ажил гүйцэтгэх системтэй нэг зэрэг ажиллах үед ямар нэгэн аюул үүсгэхээргүй хийгдсэн байна.
3.12 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаа зөрчигдөх үед ажиллах дохиололтой осол гарах, аюулд хүргэж болзошгүй горимоор ажиллах тохиолдолд автоматаар зогсоох, эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгсэлтэй байвал зохино.
3.13 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ажил гүйцэтгэх хэсэг, мөн хамах, хавчих, өргөх, зөөх төхөөрөмжүүд нь тэдгээрийг ажиллуулах эрчим хүчний эх үүсвэр (цахилгаан гүйдэл, шингэн, шахагдсан хий гэх мэт) нь тасарснаас үүсэх аюул ослоос урьдчилан хамгаалах эрчим хүчний эх үүсвэрийг дахин залгах үед эдгээр төхөөрөмжүүд өөрөө залгагдахгүй хэрэгслээр тоноглогдсон байвал зохино.
3.14 Ажилчдын цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах арга хэмжээг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хийцэд дараах үндсэн шаардлагын дагуу тусгасан байна. Үүнд:
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гүйдэлтэй хэсгүүд нь найдвартай хөндийрүүлэгдсэн буюу тусгаарлагдсан эсвэл хүн хүрэхээргүй газарт байрласан байх.
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн металл хэсгүүдийг газардуулгатай холбосон байх.
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгаан бүдүүвчинд бүх цахилгаан хэлхээг тэжээлийн сүлжээнээс салгах төвлөрсөн төхөөрөмж тавьсан байна. Цахилгаан эрчим хүчний тусгай эх үүсвэрээс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тэжээж байгаа тохиолдолд цахилгаан хэлхээг таслахгүйгээр тэжээлийн эх үүсвэрийг салгах замаар хүчдэлийг арилгах боломжтой байх.
3.15 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь цахилгаан статик цэнэгийг аюултай хэмжээгээр хуримтлуулахгүй байх ёстой.
3.16 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь ажлын явцад үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалж ялгарах хортой, тэсрэх болон галын аюултай бодис үүсэж, хуралдаж байгаа бол орчноос нь зайлуулах тусгай төхөөрөмжтэй байна.
3.17 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь зайлшгүй тохиолдолд хорт бодисыг тусгай хураагуурт зайлуулах, эсвэл дахин ашиглах болон хоргүй болгох төхөөрөмжтэй байвал зохино.
3.18 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь хэт өндөр, хэт богино давтамжтай дуу шуугиан, доргилтгүй байх, эсвэл тэдгээрийн түвшинг тогтоосон хэмжээнд хүртэл бууруулах боломжтойгоор хийгдсэн байвал зохино.
3.19 Ажлын явцад хорт цацраг үүсдэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эдгээр нь цацрагаас хамгаалах болон түүнд хяналт тавих багаж хэрэгслээр тоноглосон байвал зохино.
Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаалагч компани – Чанартайг хэрэглэж бүтээмжтэй ажиллая! Утас 77114848