Сарын тэмдэг ирэхгүй байх 12 шалтгаан
Сарын тэмдэг ирэхгүй хэдхэн хоног хоцроход л эмэгтэй хүний толгойд олон бодол эргэлдэж эхэлдэг. Ялангуяа бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд жирэмсэн болсон байж магадгүй гэж сандарч, зарим тохиолдолд стрессдэх нь элбэг. Гэвч сарын тэмдэг ирэхгүй байх нь жирэмслэлтийн зэрэгцээ дааврын өөрчлөлт, стресс, жингийн хэлбэлзэл, өвчлөл зэрэг олон шалтгаантай байдаг.
Сарын тэмдэг ердөө 2–3 хоног хоцорсон бол санаа зовох хэрэггүй. Харин 5–7 хоног буюу түүнээс илүү хугацаагаар хоцорч, жирэмсний тест 2 удаа сөрөг гарсан бол өөр шалтгаан байж болзошгүй тул эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зөв. Ийм үед хамгийн чухал зүйл бол бусдын дам ярианд тулгуурлан өөртөө дур мэдэн эмчилгээ хийхгүй байх юм.
Сарын тэмдэг ирэхгүй байх нийтлэг шалтгаанууд:
- Удаан үргэлжилсэн стресс
- Огцом жин хасах, жин нэмэх
- Архаг өвчний сэдрэл
- Архидалт, мансууруулах бодис хэрэглэлт
- Удаан хугацааны аялал
- Эмэгтэйчүүдээс бусад эрхтний хурц үрэвсэлт өвчин
- Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж эхлэх эсвэл өөр арга руу шилжих
- Бэлэг эрхтний мэс засал
- Таргалалт, дааврын тэнцвэргүй байдал
- Шээс бэлгийн тогтолцооны үрэвсэлт өвчнүүд
- Бэлэг эрхтний гэмтэл
- Үр хөндөлт эсвэл зулбалтын дараа

Сарын тэмдгийн мөчлөг нь гормоноор зохицуулагддаг тул зөвхөн эмчийн зааж өгсөн эмийн тусламжтайгаар сарын тэмдгийн хямралыг засаж болно.
“Хэрэв сарын тэмдэг удаа дараа тасарч ирэхгүй байх нь , мөчлөг тань тогтворгүй болсоор байвал шалтгаанаа тодруулж, эрт үед нь эмчилгээ хийлгэх нь ирээдүйн нөхөн үржихүйн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой.”
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх үед ямар шинжилгээ хийдэг вэ?
Сарын тэмдэг ирэхгүй байх, эсвэл жирэмсэн эсэх нь тодорхойгүй үед эмэгтэйчүүдийн эмч нар онош тодруулахын тулд дараах үзлэг, шинжилгээг хийж болно:
Эмэгтэйчүүдийн үзлэг
Эмч эхлээд үтрээ, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэнд үзлэг хийж, ямар нэг эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
Хэт авиан (эхо) оношилгоо
Үтрээний хэт авиан шинжилгээгээр:
- Жирэмсэн эсэх
- Умай хүзүүний хавдар, өндгөвчний уйланхай, хавдар
- Сарын тэмдэг саатахад хүргэдэг бусад эмгэг өөрчлөлтүүд
зэргийг оношлох боломжтой.
Цусны болон дааврын шинжилгээ
Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмч дараах лабораторийн шинжилгээнүүдийг зааж өгдөг:
- β-hCG (бета hCG) – жирэмслэлтийг баталгаажуулах
- TSH, T4 – бамбай булчирхайн үйл ажиллагаа
- Эмэгтэйчүүдийн дааврын багц шинжилгээ (6 үзүүлэлт) – дааврын тэнцвэртэй байдал
Эмэгтэйчүүдийн ямар эмгэгүүдийн үед сарын тэмдэг ирэхээ болидог вэ?
Сарын тэмдэг ирэхгүй байх нь жирэмслэлтээс гадна зарим эмэгтэйчүүдийн өвчлөл, дааврын тэнцвэр алдагдалтай холбоотой байдаг. Дараах эмгэгүүд сарын тэмдгийн мөчлөгт шууд нөлөөлж, саатал үүсгэдэг:
Өндгөвчний олон уйланхайжих хам шинж (PCOS)
Поликистик өндгөвчний хам шинж нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог дааврын эмгэг бөгөөд өндгөвч дээр олон жижиг уйланхай үүсдэг. Үүний улмаас овуляци тогтмол явагдахгүй болж, сарын тэмдэг ирэх хугацаа алдагддаг, эсвэл бүрмөсөн тасрах эрсдэлтэй.
Өндгөвчний эрт цуцах хам шинж (Premature Ovarian Failure)
Энэхүү эмгэг нь эмэгтэй хүний өндгөвч 40 наснаас өмнө үйл ажиллагаагаа зогсоохыг хэлдэг. Үүний улмаас эстроген дааврын хэмжээ огцом буурч, сарын тэмдэг бүрэн зогсох магадлалтай. Энэ нь эрт үеийн цэвэршилт гэж ойлгож болно.
Умайн дайврын үрэвсэлт өвчин (Pelvic Inflammatory Disease – PID)
Умай, өндгөвч, фаллопийн гуурс зэрэг дотоод нөхөн үржихүйн эрхтнүүдийн архаг үрэвсэл нь дааврын хэмнэлийг алдагдуулж, сарын тэмдгийн мөчлөг тасалдах, овуляци зогсох шалтгаан болдог.
Өндгөвчний үйл ажиллагааны уйланхайнууд
Зарим үед өндгөн эс гадагшлахгүй, овуляцигүй цикл үүсч, түүний улмаас үйл ажиллагааны уйланхай (functional cyst) үүсдэг. Эдгээр уйланхай нь дааврын баланс алдагдуулж, сарын тэмдгийн саатал, хэт оройтох зэргийг үүсгэдэг.
Умайн хоргүй хавдрууд (Fibroids)
Миома буюу умайн хоргүй хавдар нь умайн хананд үүсдэг ба зарим тохиолдолд мөчлөг алдагдах, хэт их эсвэл хэт бага цус алдах, бүр сарын тэмдэг ирэхээ болих шинжтэй байж болно. Ихэнхдээ том хэмжээтэй, олон ширхэгтэй хавдар ийм нөлөө үзүүлдэг.
Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой эхний өдрийг тодорхойлох Тэмдэглэлээс хамгийн богино мөчлөгийн өдрийг тодорхойлно. Энэ тооноос 18-ыг хасна. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хасагдсан өдрийг Y гэж нэрлэнэ. Энэ Y өдөр нь тухайн сард жирэмслэх боломжтой эхний өдөр болно.
Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой сүүлийн өдрийг тодорхойлох Тэмдэглэлээс хамгийн урт мөчлөгийн өдрийг тодорхойлно. Энэ тооноос 11-ийг хасна. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хасагдсан өдрийг Y гэж нэрлэнэ. Энэ Y өдөр нь тухайн сард жирэмслэх боломжтой сүүлийн өдөр болно.
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил тастэй нийтлэлүүд: