Гагнуурын аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Шэйр хийж түгээх

Гагнуурын ажлын үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Гагнуурын аюулгүй ажиллагааны талаар бичсэн нийтлэлтэй танилцана уу. Доор хэсэгт дэд гарчигт агуулагдах мэдээллийг товчоор бичиж үлдээсэн ба шаардлагтай мэдээллээ түргэн олоход тань туслах болно.

1.Нийтлэг зүйл

1.1. Цахилгаан гагнуурчин, хийн зүсэгчээр 18 насанд хүрсэн, биеийн эрүүл мэндээр тэнцэх тусгай мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй, үйлдвэрийн газар мэргэжлээрээ тодорхой хугацаанд дагалдан хийж дадлага олж авсан, аюулгүй ажиллагааны заавар ¹1,¹2 болон мөн энэхүү заавартай танилцсан ажилтныг ажиллуулахыг зөвшөөрнө.

1.2. Гагнуурчин нь ажил эхлэхийн өмнө ээлжийн мастер, механик болон тухайн ажлыг хариуцан удирдаж байгаа албан тушаалтнаас өдөр тутмын ажлын наряд, аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал авсан байх ёстой.

1.3.Ажлын наряад зааварчилгаа авсан ажилтан нь тухайн ажлын бэлтгэлийг урьдчилан сайтар хангасан байх шаардлагатай.Үүнд:Ажлын гутал хувцас болон шаардлагатай хамгаалах хэрэгсэл( Гагнуурын баг,каска малгай ,бээлий,нүүрний хаалт,нүдний хамгаалах шил,хошуувч, амны маск,өндрийн хамгаалах бүс г.м)

1.4. Багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн хэвийн ажиллагааг шалган, ажлын байрны аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа ажлаа эхэлж байхаас гадна аюулгүй ажиллагаа хангагдаагүй ажил тийм ч чухал биш болохыг байнга санаж ажиллавал зохино.

1.5. Гагнуурын ажил хийх орчинд цахилгааны ил кабель шугам болон шатамхай материал байгаа эсэхийг урьдчилан сайтар шалгаж цахилгааны кабель шугам, даралтат сав шугам хоолой, шатах тослох материал, химийн шатамхай бодисын орчинд, өндөрт болон хязгаарлагдмал орон зайд гагнуурын ажил хийхдээ аюулгүй ажиллагаа хариуцагч албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл авна.

1.6. Битүү, бага эзэлхүүнтэй агааржуулах төхөөрөмжгүй орчинд гагнуурын ажил хийж болохгүй.

1.7. Цахилгаан гагнуурчин, хийн зүсэгч нар жилд нэг удаа, цахилгаан болон галын аюулгүйн дүрмээр мэргэжлийн комисст шалгалт өгнө.

1.8. Гагнуурын аппаратыг цахилгаан хэлхээнд холбох холболтыг мэргэжлийн цахилгаанчинаар хийлгэнэ. Мөн хүчилтөрөгч, ацетелиныг тухайн ажлын удирдагчийн зөвшөөрлөөр авч хэрэглэхдээ тэдгээрийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааварыг чанд мөрдөн ажиллаж ажил дууссаны дараа цэнэгтэй болон хоосон баллоныг агуулахад эргүүлж тушааж байх шаардлагатай.

1.9. Галын онц аюултай газруудад ( Шатахуун түгээх колонк,шатах тослох материалын склад, тэсрэх бодисын агуулах зэрэг ) гагнуурын ажил хийхийн өмнө ажлын удирдагчаас наряд даалгавар, тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх заавар зөвлөмж авч галын аюулгүй байдлыг урьдчилан бүрэн хангаж гал унтраах зориулалтын багаж хэрэгслийг бэлэн болгосны дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтанд мэдэгдэж тусгай зөвшөөрлөөр ажиллана.

1.10. Галын аюултай байранд гагнуур хийсний дараа 3-5 цагийн турш хяналтанд байлгана.

2. Ажлын байрны шаардлага

2.1. Гагнуур хийж буй орчин тойрныг цэгцтэй байлгаж, ажилд саад болохоор зүйлсүүд байлгах ёсгүй.

2.2. Хийгээр зүсэх төхөөрөмж болон гагнуурын зөөврийн аппаратыг хаалт саадтай газар байрлуулахгүй байх мөн ажлын байрны гэрэлтүүлэг хангалттай, агааржуулалт сайтай байвал зохино.

2.3. Цахилгаан гагнуурын аппаратын холболтын утасны бүрээс тусгаарлалт сайн, механик гэмтэл болон өндөр температураас хамгаалагдсан байх ба усанд дүрэгдээгүй байх ёстой.

2.4. Гагнуураар тайрч байгаа металл эд зүйлс унаж болзошгүй аюултай бүсэд урьдчилан анхааруулах тэмдэг тавих буюу хаалт хашилт хийх шаардлагатай.

3. Гагнуурын ажлын үед хэрэглэх хувцас хамгаалах хэрэгслүүд

3.1.Ажил олгогчоос олгосон хөдөлмөр хамгааллын нормын хувцас болон тусгай зориулалтын ажлын хувцас хамгаалах хэрэгслүүдийг ажлын байранд зориулалтын дагуу бүрэн хэрэглэх.

3.2. Гагнуурын ажилд галд тэсвэртэй асбестэн болон брезентэн материалаар хийгдсэн тусгай зориулалтын хувцас хэрэглэнэ.

3.3. Цахилгаан гагнуурын үед хэт улаан, хэт ягаан туяа болон хүчтэй гэрлийн үйлчлэлээс нүд өвдөж харааны эрхтэн гэмтэхээс хамгаалахын тулд гагнуурын багны ТС-1,ТС-2,ТС-3,ТС-4.ТС-5 маркийн шилнүүдийг ажлын байрны нөхцөл онцлогт тохируулан сонгож хэрэглэх.

3.4. Гагнаасны оёдлыг бүрхсэн шаар, илүүдлийг цэвэрлэхдээ тусгай алх, сойз, гэрэл шингээх шүүлтүүрүүдтэй нүдний шилийг тогтмол хэрэглэж хэвших нь нүдэнд төмрийн үртэс,гагнуурын шаар болон бусад гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлнэ.

3.5. Гагнуурын ажлын бээлий нь гагнуурын оч дөлөнд шатдаггүй илгэн болон брезентэн материалаар хийгдсэн бат бөх оёдолтой байх шаардлагатай.

3.6. Өндөрт ажил үүрэг гүйцэтгэх үед бүрэн бүтэн найдвартай хамгаалалтын бүстэй ажиллах

Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаалагч компани – Чанартайг хэрэглэж бүтээмжтэй ажиллая! Утас 77114848

4.. Хийн болон цахилгаан гагнуурын ажлын үед тавигдах ерөнхий шаардлагууд

4.1.Гагнуурын ажлын үед уг ажлыг хийлгэж буй ажлын удирдагч ажлын байранд галын аюулгүй байдлыг хариуцана.

4.2.Гагнуурыг дор дурдсан газар хийхийг зөвшөөрнө. Үүнд:

4.2.1.Гагнуур хийхэд тусгайлан зориулж гаргасан байнгын байр

4.2.2.Үйлдвэрлэлийн орчинд засвар угсралтын ажил хийх түр байр

4.3.Ажлын байнгын байрыг галын аюулгүйн болон аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу тоноглосон байх.

4.4.Гагнуурчид нь ажлын удирдагчаас ажлын даалгавар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсны дараа ажлын балтгэлийг бүрэн хангаж ажлаа эхэлнэ.

4.5.Хийн ба цахилгаан гагнуурчид дараах нөхцөлд ажил гүйцэтгэхийг хориглоно.

4.5.1.Бүрэн бус ажиллагаатай зориулалтын бус багаж хэрэгсэл

4.5.2.Шаардлага хангахгүй хамгаалах хэрэгсэл

4.5.3.Цаг агаарын онц аюултай үзэгдлийн үед гадна ил задгай ажлын байранд ажиллах /Аянга цахилгаантай бороо, хүчтэй цасан ба шороон шуурга гэх мэт

4.5.4.ШТМатериал шингээсэн хувцас хэрэгсэлтэй ажиллах

4.5.5.Шатамхай тослох материал хадгалсан ажлын байранд гагнуур хийх

4.6.Ажлын явцад гал гарахаас урьдчилан сэргийлж савтай ус бэлтгэх, ажлын дараа ажлын байрыг шалгах, нойтон цэвэрлэгээ хийх.

4.7.Галын аюултай байранд гагнуур хийсний дараа 3-5 цагийн турш хяналтад авч байх.

4.8.Шатах бодис шингэн агуулж байсан сав хоолойг сайтар цэвэрлэж аюулгүй болохыг тогтоосны дараа гагнах бөгөөд энэ үед зааварчилгаа авсан тусгай ажилтан байнга хянаж байх ёстой.

4.9.Түр гагнуур хийх газарт гагнуурын аппаратуудыг шатамхай бодис материалаас 5м зайд, гал хэрэглэх ажлыг зөөврийн кислородоос 10м–с дээш хий дамжуулах хоолойноос ( шланг ) 1.5м зайтай хийх ёстой.

4.10.Цахилгаан тоног төхөөрөмжид гагнуур хийх үед төхөөрөмжийг хүчдэлээс бүрэн салгасан байх ёстой. Ажлын үед төхөөрөмж автоматаар өөрөө залгагдах болон хөндлөнгөөс бусад хүн залгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч аюулгүй ажиллагааны анхааруулах хориглох плакат тэмдгүүдийг хэрэглэж байх.

4.11.Овор ихтэй эд ангийг гагнах ( зүсэх ) үед өргөгч механизм ашиглавал зохино.Ачаа өргөх механизмыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм зааваруудыг чанд мөрдөж ажиллавал зохино.

4.12.Гагнуурын байнгын ажлын байранд ялгарах хорт хийг зайлуулах агааржуулалт салхивчны систем ажиллуулах.

4.13.Даралттай сав, шугам хоолой резервуарт юугаар дүүргэснийг үл харгалзан шууд гагнуур хийхийг хориглоно.

5.Цахилгаан гагнуурын ажлын үеийн аюулгүй ажиллагаа

5.1.Зөөврийн гагнуурын төхөөрөмжийг зөөхдөө хүчдлээс заавал таслах хэрэгтэй.

5.2.Цахилгаан гагнуурын аппаратын газардуулгыг байнга холбож байх шаардлагатай.

5.3.Гагнуурын утсыг аппаратанд холбохдоо боолтыг сайн чангалахаас гадна зориулалтын хөндийрүүлэгч гар хийх.

5.4.Гагнуурын газардуулгыг болон тоног төхөөрөмжийн металл хэсгийг “0” фаз болгон хэрэглэхийг хориглоно.

5.5.Гагнуурын электродууд нь стандартын байхаас гадна гүйдлийн хэвийн хэмжээнд тохирч байвал зохино.

5.6.Гагнуурчин, туслах ажилчин гагнуурын үед зориулалтын нүүрний баг,нүдний шил, бээлий, дуулга хэрэглэнэ.

5.7.Гагнуурын шилийг зөв сонгож ажиллах нь зүйтэй.

5.8.Гагнуурын аппаратанд тогтоогдсон хугацаанд засвар үйлчилгээг хийж байх нь найдвартай аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

5.9.Агрегат аппаратуудыг ажил дууссаны дараа бүрэн салгаж, цэвэрлэгээ хийж ус борооноос хамгаалж тавина.

Хувийн хамгаалах хэрэгсэл худалдаалагч компани – Чанартайг хэрэглэж бүтээмжтэй ажиллая! Утас 77114848

6. Хийн гагнуурын ажлын үед тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага

6.1.Хийн гагнуурын ажлын үед дараахь зүйлсийг хориглоно.

6.1.1.Баллонуудыг ажиллаж байхад нь хөдөлгөх, цохих, унагаах

6.1.2.Хөлдүү шугам хоолой, шланг, хаалт крантыг ил галаар гэсгээх

6.1.3.Карбид кальцийг тогтоосон хэмжээг хэтрүүлэн нунтаглаж хийх

6.1.4.Кислородны баллон болон толгойн хэсэг, гагнуурын аппарат бусад төхөөрөмжинд тос хүргэх, тостой даавуугаар арчих

6.1.5.Ажлын үед шлангуудыг солих, 30 м-ээс илүү урт шланг хэрэглэх

6.1.6.Хий дамжуулах шлангийг мушгих, нугалах

6.1.7.Ажлын үед баллонуудыг гараар зөөх

6.1.8.Кислородны шлангийг эвхэж хураалгүйгээр ажлын байр талбайд эзэнгүй орхих

6.1.9.Цэнэгтэй болон хоосон баллонуудыг зориулалтын бус газар хадгалах

6.1.10.Хүчилтөрөгчтэй баллоныг зөөвөрлөх,тээвэрлэх үед аюулгүй ажиллагааны дараахь шаардлагууд тавигдана.

6.1.11.Кислородын баллоныг ашиглалтын үед зориулалтын тэргэнцэрээр зөөх бөгөөд зайлшгүй гараар зөөхөөр болсон үед зориулалтын тусгай дамнуурга хэрэглэн 2 хүн зөөхийг зөвшөөрнө.

6.2.Хүчилтөрөгчийн баллоны тээвэрлэлтийн үед доорхи шаардлагуудыг мөрдөх хэрэгтэй.

6.2.1.Баллоныг хамгаалах тагийг бүрэн чангалах

6.2.2.Баллоныг эсгийгээр зөөлөвч хийж модон үүрэнд суулгаж өгөх

6.2.3.Зэрэгцүүлэн хэвтүүлэх баллоны хооронд 25 мм зузаантай резин буюу зөөлөн материалаар жийрэг хийх

6.2.4.Баллонуудыг машины тэвшнээс илүү гаргахгүй, тагийг нэг тийш харуулж хөндлөнгөөр ачихдаа өөр бараа материалтай ачихыг хатуу хориглоно.

6.2.5.Баллоныг буулгах ажлыг тусгай зааварчилгаа авсан ажилтан гүйцэтгэнэ.

6.2.6.Ачих буулгахдаа баллоныг унагах, мөргүүлэх, доош нь харуулахыг хориглоно.

7.Осол аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх

7.1.Гагнуурын утсыг мушгиж холбохгүй байх, техникийн нөхцөл хангагдаагүй электрод баригч хэрэглэхгүй байх.

7.2.Гагнуурын аппаратыг залгаатайгаар эзэнгүй орхиж болохгүй ба галтай утсыг хийн гагнуурын шланг, шугам хоолойтой хамт мөн түүнчлэн ацетелиныг генератор, хүчилтөрөгчийн баллоны ойролцоо байршуулахыг хориглоно.

7.3.Тоног төхөөрөмж, цахилгаан тоноглолын хийц, газардуулгын хэлхээг буцах утасны оронд орлуулан ашиглаж болохгүй ба хавчигч бэхэлгээтэй бусад утас ашиглана.

7.4.Өлгөгдсөн дүүжлэгдсэн хөндий металл хийцийг таслах, гагнах ажлыг тусгай тулгуур, ивүүр, бэхэлгээ хэрэглэн хийх ёстой.

7.5.Гагнуурын аппаратаас цахилгаан бариул хүртэл КВГ буюу ПФГД маркийн уян зөөлөн зэс голтой кабель утас хэрэглэнэ.

7.6.Хийн гагнуурын шлангийн холбоосны нягт болон, бөх батыг шалгаж, хошуунд шатах хий болон хүчилтөрөгч өгөгчийг зөв тохируулан хэвийн ажиллагааг хангах ба хэвийн бус үед ажиллаж болохгүй.

7.7.Хүчилтөрөгчийн баллоны штуцерт шатах тослох материал хүргэж болохгүй тул үргэлж цэвэрлэж байх, редукторыг баллонтой холбохдоо тусгай түлхүүр хэрэглэнэ.

7.8.Ацетелины баллоны эргүүлгэн хаалтыг түүний редукторт бэхлэгдсэн тусгай түлхүүрээр онгойлгоно.

Гагнуурын ажлын үед мөрдөх энэхүү зааварыг өдөр тутам мөрдлөгө болгон ажиллах нь ажилтан таны үүрэг бөгөөд аюулгүй ажиллагааны дүрэм зааварууд зөрчигдөх нь таны болон хамт ажилладаг бусад ажилтнуудын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулна гэдгийг та үргэлж санаж ажиллах хэрэгтэй.

 Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх