Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс гуужсан эсийг авч, микроскопоор шинжилж үзэх арга бөгөөд энэ шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдар болон хавдрын урьтал өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой байдаг.
Хавдрын урьтал өөрчлөлтөд жинхэнэ болон хуурамч умайн хүзүүний шархлаа, улайлт, цагааралт, ургацаг зэрэг эсийн бүтцийн эмгэгүүд багтдаг. Эдгээр өөрчлөлт нь зарим тохиолдолд хорт хавдар үүсэх эхлэл, зарим тохиолдолд удаан үргэлжилсэн үрэвслийн үр дүнд үүссэн байж болдог.
Иймд шинжилгээгээр эсийн өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмч оношид тохирсон үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмж эдийн шинжилгээ (биопси) авч, оношийг нарийвчлан тогтоох шаардлагатай болдог.
Яагаад шинжилгээ өгөх ёстой вэ?
- Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн шинж тэмдэг бараг илэрдэггүй
- Эрт илрүүлснээр бүрэн эдгэрэх боломж өндөр
- Хавдрын урьдал өөрчлөлтийг эмчлэх, хянах боломж
Эсийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
Умайн хүзүүний эсийн шинжилгээг (Pap smear) зөв, найдвартай авахын тулд дараах нөхцлүүдийг анхаарч, урьдчилан бэлдэх шаардлагатай:
Сарын тэмдгийн үеэр шинжилгээ өгөхгүй байх
- Цусны нөлөөгөөр эсийн шинжилгээний хариу буруу гарах эрсдэлтэй байдаг тул сарын тэмдэг дууссанаас хойш 3–5 хоногийн дараа шинжилгээ өгөхийг зөвлөдөг
Шинжилгээний өмнөх 48 цагийн дотор үтрээнд ямар нэгэн зүйл хийгээгүй байх
- Жишээлбэл
- Эмэгтэйчүүдийн угаалгын шингэн
- Лаа
- Жирэмснээс хамгаалах тампон, лаа
- Спермицид гель зэрэг
Шинжилгээ өгөхөөс өмнөх 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
- Бэлгийн үйлдлийн нөлөөгөөр эсүүд гэмтэж, үр дүн буруу гарах эрсдэлтэй.
- Үтрээнд ямар нэгэн эмчилгээ, үйлдэл (ванд орох гэх мэт) хийгдээгүй байх
Хэн, хэзээ шинжилгээ өгөх вэ?
- 21 наснаас дээш бүх эмэгтэй (эсвэл бэлгийн идэвхтэй болсон үед)
- 3 жил тутамд эсвэл эмчийн зааврын дагуу давтамжтайгаар
- Цэвэршилтэд орсон ч шинжилгээ хийлгэх хэрэгтэй
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд