Төрийн хяналт шалгалт яагаад хэрэгтэй вэ?
Төрийн хяналт шалгалт яагаад хэрэгтэй вэ?
Хүннүгийн томын хэргээс улбаалан дахин хөндөгдөж буй асуулт. Хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой салбарт стандартгүй байна гэдэг — эрсдэл нь зөвхөн бизнест биш, нийт хэрэглэгчдэд буудаг.
Төрийн хяналт шалгалт яагаад хэрэгтэй вэ? гэдэг асуулт сүүлийн үед Хүннү (Том) буузны хэргээс улбаалан олны яриа болж байна. Хүнс, эм ханган нийлүүлэлт, барилга зэрэг салбарт хууль, дүрэм, журам, стандартаа мөрдүүлж хэвшүүлэхгүй бол эрсдэл өсдөг. Учир нь эдгээр салбар нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой.
Хяналт шалгалтаар илэрдэг түгээмэл зөрчлүүд
Байгууллага бүр өөрийн үйл ажиллагаатай уялдсан дүрэм, журам, зааварчилгаатай байдаг ч бодит байдал дээр эдгээр нь хөрсөн дээрээ буугаагүй цаасан дээр үлддэг. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд олонтоо илэрдэг.
- Суурь стандарт хэвшээгүй GHP, GMP, HACCP зэрэг хүнсний аюулгүй байдлын суурь нөхцөлүүдийг бүрэн нэвтрүүлээгүйгээс ажилчдын гар, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агаараас нян, бактери илрэх тохиолдол гардаг.
- Бүртгэл хөтлөлт дутуу буюу хуурамч Ажилчдын эрүүл мэндийн үзлэг, температур, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, бүтээгдэхүүний дээж авах бүртгэлийг шалгалт ирэхийн өмнө нэг дор бөглөх явдал түгээмэл.
- Эрүүл ахуйн сургалт хийгддэггүй Ажилчдад эрүүл ахуйн сургалт ордоггүй, орсон ч бүртгэж баталгаажуулсан баримт байдаггүй.
- Дотоод хяналт нэр төдий Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол (“ААНБ-ын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах”), 157 дугаар тогтоол (“Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”)-ын дагуу дотоод хяналтаа сайжруулж, асуудлаа өөрсдөө илрүүлдэггүй. Зөвхөн хяналт шалгалт ирэхэд сандарч хийдэг.
- Хэмжих хэрэгсэл баталгаажаагүй Үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж буй жин, хэмжүүр баталгаажаагүй, алдаатай. Термометр шалгагддаггүй.
- Ус, эрүүл мэндийн баталгаажилт сул Ундны болон бохир усыг шинжилгээнд хамруулдаггүй. Ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан ч дэвтрийн баталгаажилт хийдэггүй.
- Түүхий эдийн хяналт сул Баталгаат нийлүүлэгчгүй, гарал үүсэл тодорхойгүй түүхий эд хэрэглэдэг.
- Технологийн урсгал буруу Цэвэр, бохир бүс холилдох, кросс бохирдол үүсэх зэрэг асуудал тулгардаг.
- Удирдлагын дэмжлэг бага Хяналт тавих, эрсдэл бууруулах ажлыг зөвхөн чанар, хяналтын албаны үүрэг гэж ойлгодог.
Асуудал гарсны дараа биш — гарахаас нь өмнө хянах.
Шийдэл бий юу?
Дээрх зөрчлүүдийг засаж залруулах боломж бий юу? Тийм. Гэхдээ яаж?
Хариулт нь үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг бүрэн нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалт хийхэд оршино.
Энэ нь нэг удаагийн ажил биш, хэн нэгэнд үзүүлэх нэр төдий ажил ч биш, бичиг баримтаар хязгаарлагдах ажил ч биш юм. Зөвхөн чанар, хяналтын албаны үүрэг гэж ойлгож болохгүй. Энэ бол аж ахуйн нэгж байгууллагын бүх алба, нэгжийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, удирдлагын идэвхтэй дэмжлэгтэйгээр л үр дүнтэй хэрэгжих ажил юм.
- Үйл ажиллагаа тогтворжиж, бүтээгдэхүүний бүтээмж нэмэгдэнэ
- Эрсдэл буурч, орлого өснө
- Хөндлөнгийн хяналтын байгууллагын шалгалтад үргэлж бэлэн байна
- Хэрэглэгчийн итгэл, брэндийн нэр хүнд бэхжинэ
Стандартыг бичиг цаасан дээр биш — өдөр тутмын үйл ажиллагаандаа суулгаж чадсан байгууллага л урт хугацаандаа ялагч байх болно.

Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт





















