Манжуур хотын хамгийн гоё газрууд

Шэйр хийж түгээх

Манжуур хотын хамгийн гоё газрууд

Манжуур нь БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин км нутагтай, 180,000 гаруй хүн амтай хот  юм. Манжуур хот нь ОХУ-тай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд ОХУ-ын  Забайкальск хоттой хил залгаа оршино.

1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна. Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших  худалдааны томоохон чөлөөт бүс бөгөөд гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай газрын нэг болсон.

 МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй, тод хээ угалзтай гэх мэт оросын хэв загвар нэвт шингэсэн байхаас гадна орос дуу хөгжим эгшиглэх нь түгээмэл.

Мөн төрөл бүрийн үслэг эдлэлийн дэлгүүр, орос хятад чанартай барааны худалдаа наймааны төвүүдээрээ алдартай болоод байгаа билээ. Манжуурын булга гэж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн болоод байгаа билээ. Манжуур хотын хамгийн гоё газруудыг та бүхэнд танилцуулж байна.

Манжуур хотын төв талбай

Манжуур хотын төв талбайд 100 жилийн ойн хөшөө бий. Энэ бол өнөөдөр Манжуур хотын хамгийн том талбай. Хамгийн сонирхолтой нь энэ талбай дахь хөшөө, барилга архитектурын байгууламж нь бүгд европ төрхөөр баригдсан байдаг.

Хөгжимт усан оргилуурын талбай

Манжуур хотод зунаар зочилсон хүмүүсийн зочилж үзэх дуртай тансаг зүйлийн нэг. Хөгжмийн аяар гэрлийн өнгө солонгоруулан оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсон амарч тухлахын зэрэгцээ бас бүжиглэж болно.

Матрёшкагийн талбай

Орос жуулчдын хамгийн ихээр зорчиж сонирхдог газар бол Матрёшкагийн талбай. Энд зургаан том, 200 ширхэг жижиг матрёшкагаас гадна, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь орос хятад монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог аж.

Ялалтын талбай

Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Хятад, Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Манжуурын парк гэж нэрлэгдэж байсан энэ цэцэрлэгт хүрээлэнд 1945 онд зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө барьснаар Улаан армийн амь үрэгдсэн дайчдын ялалтын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг болжээ.

Далай нуур

Хятадын цэнгэг устай нууруудын тавд ордог энэ нуур Манжуур хотоос 36 км зайд оршдог. Энэ нуур 30 гаруй төрлийн загас, бас сам хорхойтой. Ийм ч болохоор байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалахын тулд орон нутгийн захиргаа загасны үржлийн үед энэ нуураас загас агнуур хийхийг хориглосон байдаг.

Мөсөн хотхон

1999 оноос Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийнхүү жил бүрийн өвөл энэ хотод том том мөсөн баримал, шилтгээн, босч шөнөдөө өнгө өнгийн гэрлэн чимэглэл асдаг нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг

Нийтлэл:


Шэйр хийж түгээх